Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.17 13:16
3204
Х.Нямбаатар: С.Одонтуяа гишүүн шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилж байна гэж худал мэдээлэл тараасанд харамсаж байна

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай холбоотой асуудлаар үг хэллээ.

Тэрээр, "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь "Монгол улс хүний эрхийн нэлээд их зөрчилтэй байна, НҮБ-ын шинжээчид ирээд Монгол улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна" гэдэг үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан удаа дараа мэдэгдсэнд харамсаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадна, шүүхийн зөвшөөрлөөс гадуур хэн нэг хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол улсад огт байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байх үед нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлах тохиолдол бол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо өнөөдөр ч үйлчилж байна.

Тиймээс АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Монгол Улсын Засгийн Газарт яг энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэдэг хүсэлтийг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл бид нар олон улсад, дэлхий нийтэд хүний эрхийн чиглэлээр Монгол улс урагшаа ахиж, ахиц дэвшил гаргаж байгаа. Баривчлах тохиолдолд өмнө нь 72 цагийн баривчилгаа байсныг 48 цаг болгож, өөрчилсөн. Хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс нөхөж зөвшөөрөл авна. Аваагүй тохиолдолд нэн даруй суллах хууль эрх зүйн орчин манайд үйлчилж байна. Тиймээс олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн тул асуулга тавибал бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэлээ.