Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.19 12:10
6361
67 настай П.Рэнцэнханд гуай 5 ачаа өсгөхийн зэрэгцээ 14 жилийн өмнө алга болсон хүүгээ хайж байна

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч 67 настай Паламын Рэнцэнханд нь таван ачаа өсгөхийн зэрэгцээ 14 жилийн өмнө алга болсон хүүгээ цөхрөлгүй хайж байна.

Өдгөө 67 настай золгож буй П.Рэнцэнханд гуай Төв аймгийн Сүмбэр сум / Октябрь сангийн аж ахуй/-нд 1955 оны 2 сарын 12-нд айлын 4 дэх охин болж мэндэлсэн. Тэрээр 14 жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хотод шилжиж ирээд удаагүй байх үедээ хадам ээж, нөхөр хоёроо алдаад таван өнчин хүүхдээ асрах хариуцлагыг хүлээсэн юм. Өрх толгойлсон ээж мөнгө олох бүхий л боломжийг хайж эхлээд сонин зарж байв.

Түүний дараа Баянгол дүүргийн хот тохижилтын компанид ажиллаж байх үед нь буюу 2008 онд түүний 14 настай хүү нь гэрээсээ гараад сураггүй алга болжээ.Хэзээ нэг өдөр хаалга татаад ороод ирнэ дээ хэмээн горьдлого тээн хөлийн чимээ чагнан суусаар 14 жил өнгөрсөн ч итгэл алдалгүйгээр хүлээсээр, хүүгээ хайсаар л байгаа юм... Түүний хүүг Шинэтөр гэдэг бөгөөд Лоолой гэдэг хочтой. Содон шинж тэмдэг нь баруун талынх нь гар мойног хуруутай.

Тэрээр, "Одоо бол хүүтэйгээ уулзвал мойног хуруугаар нь л таних байхдаа. Тэрнээс биш дэргэдүүр өнгөрвөл танихгүй байж магадгүй л юм" хэмээн нулимс дуслуулан ярьж байлаа. Хүүгийнх нь ганцхан зураг байдгийг нандигнан хадгалж, ирээдүйд уулзсан байгаагаар төсөөлөн хүүгийн зурган дээр П.Рэнцэнханд эгчийн зургийг нааж эвлүүлжээ.Хэзээ нэгэн өдөр энэ зурган дээрх шигээ инээмсэглэн уулзахыг чин сэтгэлээсээ хүсэж байв.

П.Рэнцэнханд эгч одоо таван ачтайгаа хамт амьдардаг бөгөөд тэтгэврийн 500 мянган төгрөгөөр хоног өдрийг аргацаадаг. 

П.Рэнцэнханд эгч өөрийн хоёр хүүгийн 5-15 насны таван ачтайгаа хамт амьдардаг.Түүний том хүү нь хараагүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй учир охин, хүү хоёрыг нь төрсөн цагаас нь хойш өөр дээрээ авсан байна . Одоо  охин нь 15 настай, хүү нь 11 настай болсон. Охин өнгөрсөн хавар 9 дүгээр ангиа төгсөөд сургуульд бүртгүүлж амжаагүй учир эмээтэйгээ хамт гэртээ байгаа.

Харин бага хүү нь сэтгэцийн өөрчлөлттэй учир мөн л хүүхдүүдээ харах боломжгүй гээд 5 настай, 8 настай, 10 настай гурван хүүхдийг нь өсгөдөг байна.

Тэтгэврийн 500 мянган төгрөг сургуулийн 4 хүүхэд, цэцэрлэгийн нэг хүүхэд, хөгшин настай эмээгийн нэг сарын орлого бөгөөд  сүүлийн 15 хоног махгүй болоод эхлэхээр шил, лааз, хоёрдугаар түүхий эд цуглуулан 5000-8000 төгрөг олоод түүгээрээ хоногийн хоолны махаа авдаг байна.

Тэрээр, "Миний хамгийн том мөрөөдөл бол байшингаа томруулаад хүүхдүүддээ үлдээх юм сан гэж боддог тэгээд л сайхан сургуульд оруулчхвал болно доо. Хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд зориулж хүүхдийн мөнгийг нь авалгүйгээр хадгалдаг.Нэг жилийн ч болтугай төлбөр нь болох болов уу" гэж боддог гэв. 

"Амьдралд шантрах үе зөндөө байдаг ч хүүхдүүдийнхээ инээж хөхрөхийг хараад би бүх асуудлаа мартчихдаг" хэмээн нулимс дуслуулан ярьж байлаа.

П.Рэнцэнханд эгчтэй ярилцсанаас хойш манай редакцид П.Рэнцэнханд эгчид туслах хүсэлт маш их ирж байгаа учраас бид түүнд туслахыг хүссэн хүмүүст зориулж түүний дансыг тавьсан болно. Эмээ болон түүний 5 ачид туслахыг хүсвэл Хандивын данс : 5005931835 Палам Рэнцэнханд /Хаан банк/