Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Улс төр
2022.11.21 15:57
4353
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг би ганцаараа шийдэж чадахгүй, иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй

Улаанбаатар хотын нийт өрхийн 55% нь хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцдог байна.  Өдөрт 420 мянга орчим машин давхардсан тоогоор хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлийн авто замын түгжрэлийн асуудлаар Монгол улсын сайд, түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.

Тэрээр, "Иргэдийн дунд замын хөдөлгөөний танхайрал их байгаа нь түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Түгжрэлийн эсрэг засгийн газар бүхэлдээ ажиллаж байгаа. Түгжрэлийг бууруулах асуудлыг богино хугацаанд шийдэж болдог бол миний өмнө ажиллаж байсан сайд нар арилгачих байсан. 20,30 жилийн асуудлыг хоёрхон сарын дотор шийдэхийг шаардаад байна. Бид нийтийн тээврийн хэрэгсэлдээ шинэчлэл хийж, дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар зохицуулах, үзлэг оношилгоонд ороогүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээг авахаар судалж байна.

Бид 161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилуулсан. Оны эхээр систем ажиллаж эхэлнэ. Үүний үр дүнд түгжрэл 20 хувиар буурна гэж тооцоолж байна.

Хамгийн чухал нь нийтийн тээврээ сайжруулах хэрэгтэй. Нийтийн тээврийн хэрэгслийн 60 орчим хувь нь муудсан байгаа учир парк шинэчлэлт хийх шаардлагатай байна.

Түгжрэл нэг, гурав, тав дахь өдөр их байдаг.  Түгжрэлийг бууруулахад зөвхөн төр засгийн зохицуулалтыг харах биш иргэдийн оролцоо чухал. Иймд олуулаа нэг машинд суух, зарим нь алхах, зарим нь автобусанд суух зэрэг түгжрэлд тодорхой хувь нэмэр оруулах хэрэгтэй" гэв.