Нийгэм
2022.11.21 17:02
2214
Т.Аюурсайхан: Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин бэлтгэхэд ХНХЯ анхаарч ажиллана

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 зорилт, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан.  Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд 30 орчим төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, 21 аймгийн нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бага орлоготой иргэдийн хүнсний хангамжид онцгой анхаарч, хамтран ажиллахаар боллоо.

Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга С.Дамбий

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албыг төлөөлөн

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нар оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нийт 90 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчинг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх аргаар хамтран ажиллах боломжтойг уулзалтын үеэр онцоллоо.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “ Эх орондоо хүнсний хувьсгал хийх маш том бодлого орон даяар хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Энэ ажлыг бид бүх боломжоороо дэмжиж ажиллана. Ялангуяа энэ хөдөлгөөн манай яамны зүгээс анхаарч буй халамжаас хөдөлмөрт шилжих, бага орлоготой өрхийн болон бага насны хүүхдийн хоол хүнсний асуудалтай нягт уялдаж байна. Мөн бид халамж хэрэгтэй хүмүүсийг халамжилсан шиг халамжилж, харин хөдөлмөрлөх боломжтой хүмүүсийг ажил, орлоготой болгохоор төлөвлөж байна” гэв.