Нийгэм
2022.11.22 13:01
4409
Монгол иргэний толгой руу алхаар цохиж хөнөөсөн ОХУ-ын иргэний хэрэг шүүхэд шилжлээ

Орос, Украйны мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр манай улсад өнөөдрийн байдлаар 10,000 гаруй ОХУ-ын иргэн түр хугацаагаар оршин сууж байна. Тэгвэл манай улсад ирсэн даруйдаа Монгол иргэний амь насыг хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 Хэргийг тодруулбал  2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.

 Энэхүү хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд :  Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.