Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.25 17:00
25398
Арваннэгдүгээр сарын 28-нд бүх сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

Нийслэлийн автозамын түгржэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар, Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн нийслэлийн авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, иргэдийн ажлын цагт зохицуулалт хийх албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор  төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах захирамж гаргалаа.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга

  • - Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
  • - Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • - Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • - Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • - Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • - Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.