УИХ
2022.11.29 12:37
4071
Г.Занданшатар : Архины хэрэглээ тогтмол өсөж нэг хүнд 8,2 литр архи оногдож байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.  “Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсын нэг. Архины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдсээр нэг хүнд 8,2 литр архи оногдож байна. Архидан согтуурснаас үүдэлтэй зуурдаар нас баралт дэлхийн түвшнээс хоёр дахин их байгаа нь энэ хуулийг шинэчлэх шалтгаан бас болсон.

Согтууруулах ундааны градусыг  нэмэгдүүлэх, татварыг нь бууруулахыг хориглоно. Согтуурсан хүн гэмт хэрэг, зөрчил үйлдвэл  архиар шахсан хүн хариуцлага хүлээнэ.Хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгах зорилт тавьсан. Архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг цаашид зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Архины худалдаа үйлчилгээ эрхийг 5 жил, үйлдвэрлэл эрхлэлтийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно" гэлээ.