Нийгэм
2022.11.30 08:59
2786
Төр шатахууны үнийг чөлөөлөх цаг нь болсон

Гаднын орнуудын жишгээс харахад төр нь шатахууны асуудалд хутгалдан ордоггүй

Манай улс хэдийгээр нефт экспортолж байгаа ч өөрсдөө дотооддоо боловсруулах боломжгүй учраас үргэлж гаднын хараат байдлаас үүдэн шатахууны үнэ өөрчлөгддөг. Гэтэл төр иргэдэд таалагдах гэж өөрсдийн арьсаа хамгаалахын тулд хэдэн шатахуун импортлогч аж ахуй нэгжээрээ байнгын туг тахиж байгаа . Тиймээс үнийг чөлөөтэй орхиж, зах зээлийн зарчмаар нь явуулдаг, үнэ тэгж ч тогтдог байх ёстой. Нэг үгээр хэлбэл таван шатахуун түгээх станц байлаа гэхэд тэдний АИ-92- ийн үнэ ижилхэн байх албагүй.

Тухайлбал, сүүний үнэ дэлгүүр бүрд өөр өөр байдаг шиг бензин ч гэсэн тийм байх ёстой л доо

 Тэгэхгүйгээр төр хэтэрхий их хутгалдаж, бодлогоо барьж чадаагүйн улмаас хутгалдахаас өөр гарц байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл нөгөө талдаа бид хувийн компаниудаа буруутгах боломжгүй юм. . Тэд ажлын байр бий болгож, улсад татвараа төлж байна. Тийм учраас чөлөөт зах зээлийн зарчмаар цаашид төр хувийн хэвшлийн салбар руу аль болох хутгалдахаа болих хэрэгтэй.Төр өөрийгөө өмгөөлөхдөө хэлдэг тайлбаруудын нэг нь шатахууны нөөц. Сав байдаггүй учраас импортлогч нар хангалттай нөөцөө бэлдэж чаддаггүй гэх тайлбарыг өгдөг ч бодит байдал дээр төр үнэд дураараа нөлөөлдөг учраас аж ахуй нэгжүүд санаа амар нөөцөө бүрдүүлж чаддаггүй . Учир нь загасны ой санамжтай төр ард иргэдээсээ айсандаа шатахууны үнэд яаж ч нөлөөлж болдог учраас тэд айж байна.Манай улс жилдээ 1-1.2 сая тонн түүхий тос олборлон экспортолж, дунджаар 390 орчим сая долларын орлого олдог. Гэсэн хэдий ч бид дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэргүйгээс 100% гаднаас худалдан авч байгаа.

Гэтэл энэ бүгдийг мэдсээр байж хэдэн аж ахуй нэгжүүдээ үргэлж бодлогоор “дарамт” үзүүлсээр байгаа увайгүй үйлдлээ төрийн зүгээс зогсоох шаардлага байна

 Тэгэх ч ёстой. Тэгж байж олон зуун хүнийг ажлын байраар хангаж , төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа аж ахуй нэгжүүдээ алдагдлаас аврах боломжтой. Эдийн засагчид төр шатахууны үнэд нөлөөлдөг асуудлаа зогсоох ёстой гэж үзэж байна Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөд манай улсад ч бас шатахууны үнэ өсөх нь тэнэг хүнд ч ойлгогдохоор асуудал. Гэтэл төр дураараа оролцон үнийг хэт удаан барих нь эргээд чөлөөт зах зээлийн хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал . Тиймээс учир мэдэх эдийн засагчид төр бүх зүйлд оролцдогоо багасгах хэрэгтэй гэж үзэж байна. Шатахуун бол манай улсад төдийгүй дэлхий даяар стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Гэтэл дэлхийн зах зээл дээр савлаж байгаа шатахууны ханшийг Монголын төр хүчээр барих гэж оролддог нь маш буруу асуудал юм. Тиймээс төр шатахууны үнийг чөлөөлөх цаг нь болсон.