Нийгэм
2022.12.02 09:42
3459
Дизель түлш тасарсан асуудалд төр хариуцлага хүлээх ёстой, тэгж чадахгүй бол төсөв хөөсрөх эрсдэл үүснэ

Өнөөдөр манай улсад дизель түлшний нөөц 2022 оны 11 дүгээр сарын 30-ний байдлаар ердөө 11 хоногийн нөөцтэй гэсэн ч  байгаа эсэх нь бүрхэг  байна. Албаныхан хэдийгээр нөөц нэмэгдэж байгаа гэх тайлбар өгч байгаа ч бодит байдал дээр автобус баазууд, уул уурхайн хүнд даацын автомашинууд түлшний хомсдолд орж эхнээсээ тэг зогсолт хийж байна. Төрийн зүгээс энэ асуудлыг тайлбарлахдаа шатахууны нөөц хангалттай, өдөр ирэх тусам оруулж ирж байгаа гэх боловч төрийн буруутай бодлогоос болж импортлогч нар хангалттай нөөцөө оруулж чадахгүй байна. Учир нь дэлхийн зах зээл дээр ам.доллар өсөхийн хэрээр манай улсад шатахуун өсөх нөхцөл шууд бүрддэг.  Гэтэл төрөөс шатахууны үнийг хүчээр барьснаас үүдэн импортлогч хэдэн аж ахуй нэгжүүд ханшийн зөрүү дээр алдагдал хүлээсээр. Тиймээс тэд төрийн хараат гэж хэлж болохоор энэ байдлаас үүдэн, нөөцөө бэлдэж чадахгүй нөхцөлд орж, тэр хэрээрээ ард иргэд хохирсоор.   

Гэтэл манай улсын шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд ард иргэддээ “тал засах” нэрийдлээр хэдэн импортлогч нараа л хүний маханд орчихсон мэтээр харагдуулж нөгөө талдаа төр  өөрөө ард түмнээ хохироож байна.

  Өнөөдөр манай улс зөвхөн ОХУ-аас биш БНХАУ-аас ч бас дизель түлш болон бусад төрлийн шатахуун импортолж байгаа. Яг энэ л үед төр оролцолгүй зах зээлийн зарчмаар нь шатахууны үнийг чөлөөлөх шаардлага үүсэж байна. Иргэд ч бага хэмжээгээр эсвэл заавал картын хэрэглэгч, тогтоосон хэмжээ  гэх зэргээр шатахуун авахдаа хүртэл бухимдмааргүй байна.  Бидэнд өнөөдөр нийгэмд бухимдах асуудал хангалттай байсаар байтал шатахуун авахдаа хүртэл ард иргэд чинь “зовмооргүй”  байна . Одоо үүсээд байгаа нөөцийн хомсдол, дагаад гарч байгаа асуудлууд бүгд л төрийн зүгээс хамааралтай учраас хэзээ зогсох хэрхэн яахаа шийдэх шийдэл хэрэгтэй.    

Манай улсын дизель түлшний сарын хэрэгцээ дунджаар 80000 тонн

Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг батлан тэр дундаа шатахууны үнийг тогтоосон.  Гэтэл 100 хувь гаднын зах зээлээс хараат энэ салбарт яав ч оновчтой шийдэл биш юм.  Хэдийгээр засгийн зүгээс шатахууны үнийг өсгөхгүй 5 жил барина гэж байгаа ч үнэндээ гэрээн дэхь заалтуудаа сайн судлаагүй, сайн судлах ч үгүй зүгээр л нийгэмд таалагдах гэж амбиц юм.  Тэгээд энэ шийдвэрийг нь эсэргүүцвэл тусгай зөвшөөрлийг нь устгана, Роснефтийг оруулж ирнэ гэж дарамталдаг.  Гэтэл энэ нь ардаа хэдэн зуун ажилчдаа чирж яваа , улсын эдийн засагт томоохон нэмэр болж татвараа цаг тухай бүрт төлж байгаа импортлогч нар ихээхэн дарамт болж тэр хэрээрээ шатахуун дагасан олон асуудлууд тулгамдсаар байна. Арга ч үгүй биз, үнээ нэмлээ, үгэнд орсонгүй гэх шалтгаанаар байнга дарамтлуулж байгаа аж ахуй нэгжүүд яаж их хэмжээгээр үнэтэй байгаа шатахуун нөөцлөх үү? 

Нөгөө талдаа уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд орж байгаа нь эргээд Монгол улс төсвөө бүрдүүлж чадахгүй нөхцөл үүсгэж мэдэхээр байна. Учир нь уурхайн бүтээгдэхүүн нүүрсээ борлуулж байж төсөв бүрдүүлэх том төсөөлөлтэй төр түлшнээс болж энэ бүгдээ зогсоовол эдийн засаг утгаараа элгээрээ мөлхөх нь лавтай.  Тиймээс өнгөн дээрээ ард түмэндээ таалагдах биш, үнэхээр ард түмнээ гэсэн шийдвэр гаргаж шатахууны үнээ чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол төрийн том мөрөөдөл төсөв  хөөс болох нь цаг хугацааны асуудал юм.