Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.02 11:22
5562
Стандарт зөрчиж орон сууц дунд баригдсан ШТС-ууд "Дарханы" харамсалтай жишээг давтахвий!!!

Өчигдөр буюу 12-р сарын 1-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч нэг хүний алтан амийг авч одсон харамсалтай хэрэг гарлаа. Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо. Одоогоор гал гарсан үед алга болсон хоёр хүнийг эрэн хайж байна.

Энэ мэт харамсалтай жишээн дээр авч үзвэл Манай улсын хэмжээнд стандартын дүрэм зөрчиж баригдсан маш олон шатахуун түгээх станцууд байдаг. Тухайлбал  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойролцоо бүр хотхон дунд ч шатахуун түгээгүүр байдгийг хэн бүхэн мэднэ. Муугаар бодоход хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж гал гарвал хэн хариуцлага хүлээх вэ??? 

Монгол Улсын барилгын норм, дүрэмд “ШТС-ыг тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө.

Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын  цонхноос /хаалганаас/ багадаа 80 метр зайд байрлах шаардлагатай. Аливаа суурьшлын бүс, дүүрэг доторх хурдны зам, төв гудамжнаас  20 метр зайд барьж байгуулах шаардлагатай” гэж  заасан байдаг.

Анхнаасаа газар олгохдоо холбогдох хууль тогтоомжид заасан дүрэм журмыг даган ажиллаж холбогдох байгууллагууд тухайн барилга байгууламжийг шалган нягталж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой байтал хэн нэг эрх мэдэлтний ашиг сонирхлын зөрчлөөс үүдэж иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Бид аюулгүй орчинд айх айдасгүй амар тайван амьдармаар байна!!!