Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.12.06 13:45
2161
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, ЗГ-ыг огцруулах асуудал яриагүй, бид муудалцаагүй!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах санал гаргасан эсэх асуудал дээр хариу тайлбар хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Нүүрсний хулгайн асуудал дээр хяналт шалгалт хийж буй тул эрх зүйт төрийн дагуу шийдэгдээд явна. Өчигдрийн жагсаалаас уг асуудал олон нийтийн асуудал болсон нь харагдаж байгаа тул удахгүй шийдэгдэх байх гэж итгэж байна. Өчигдөр маш их итгэл төрлөө. Харин нэг зүйл анхааруулж хэлэхэд өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон.

Жишээлбэл, "ЭТТ" компанийн хуучин удирдлагууд жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон гэсэн мэдээллийг бид авсан. Уг асуудал дээр олон нийт сэрэмжтэй хандах хэрэгтэй. Амь нь тасарч, амьсгаа нь давчдаж байгаа хулгайчид л өөрсдөө хамгийн их нүүрс ярьж байгаа. Янз бүрийн мэдээлэл гаргаж тавьж байгаа. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Нүүрсний хулгайчид далд эдийн засагтай байж болох ч Монгол Улсын Засгийн газар нүдтэй чихтэй, ажиллах чадамжтай. Өчигдөр жагсаал зохион байгуулсан нүүрсний хулгайчдад би хатуу сануулж байна

Хоёрдугаарт, Тогтолцооны өөрчлөлт хийхгүй юм уу гэдэг шаардлагыг иргэд болоод улс төрчид тавьсан. Шулуухан хэлэхэд өнөөдөр манай парламентийн төлөөлөх чадвар буурч, сошиал инфлюнсэр парламентийн гишүүнээс илүү иргэдийг төлөөлөх магадлалтай нөхцөл байдал руу алхаж байна. Тиймээс парламент өөрөө ард иргэдийн жинхэнэ төлөөллөөс бүрдэх шаардлагатай.

Хоёр ч удаа амаргүй жагсаал цуглаан боллоо. Нийгэмд бухимдал байх нь ойлгомжтой. Гэхдээ саяны жагсаалын дараа миний бодсон зүйл бол энэ зүйлийг томоор харж, агуулгын хувьд шийдэхгүй бол гал унтрааж аргацааж явж байгаад Монгол улсын эрх зүйт төр ганхаж, аюул учирхуйц, засаглалын хэлбэр өөрчлөгдөх хэмжээний эрсдэл үүсэхвий гэдэгт би маш их санаа зовсонЕрөнхий сайдын хувьд өргөн цар хүрээгээр нь харж үндэсний хэмжээний хэлцэл хийх болно

Мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах талаар асуудал яригдаагүй. Ер нь сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. ЕНБД-ын суудлаас болоод санал зөрж, үе хоорондын зөчил яваад байна гэх зэрэг зүйл яригдаж байна. Би ийм мэдээлэлд төөрөгддөггүй. Сандраад байгаа хэсэг нөхдүүдэд хэлэхэд бид ийм асуудлаас болоод муудалцаад сүртэй зүйл болохгүй.

Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Хурлын үеэр төрийн гурван өндөрлөг санал солилцсон. Шаардлагатай бол тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжнэ гэдэг зүйлийг л хэлсэн.  

МАН-ын Удидах зөвлөл надад улс төрийн эрх олгосон. Тиймээс аль аль талыг нь яриад явна. Өнөөдрөөс бүх талуудтай уулзалт хийнэ. Үндсэн хуульд өөрчлөлт ороод дагах хуулиуд явдаг. Энэ тохиолдолд би ард түмэндээ сонгох эрхийг нь өгөхөд бэлэн байна" гэлээ.