Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2022.12.07 12:28
1181
Г.Занданшатар: Ард иргэдийн зүй ёсны шаардлагыг нэн дариу шуурхай шийдвэрлэх нь зүйтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар болон үүсээд буй нөхцөл байдлыг хүрээнд мэдээлэл хийлээ.

Тэрээр " Улсын их хурал нүүрсний хэрэгт холбогдуулан нээлттэй сонсгол явуулна. Нээлттэй сонсголоор нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг ил тод олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ. УИХ-ын гишүүд бол ард түмний элч мөн ард түмний баялгаас хулгайлсан хэн ч бай хуулийн цээрлэл хүлээх ёстой.

Бүх шатанд авилгал, хээл хахууль байгаа учраас цогцоор нь шийдэх, дахиж ийм асуудал гаргахгүй байхаар зохицуулж олон нийтэд бүх юм ил тод байхаар хуулийн зохицуулалт хийх нь зүйтэй.

Төрийн эрхэм чанар бол улс төрийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газраас дэвшүүлж байгаа бүхий л ажлыг УИХ дэмжиж ажиллаж байна. Түүнчлэн Улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийн гишүүдэд хандан экспорттой холбоотой “нүүрсний хулгайн”  асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Ард түмний хүсэл зоригоо илэрхийлж байгаа тайван жагсаалд нийгмийн эмх замбараагүй байдал гарч хүний эрх чөлөөнд хохирол учруулах нь хуулиараа хориотой. Ийм асуудал гарч хар толбо үлдээж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Харин ард иргэдийн зүй ёсны шаардлагыг нэн дариу шуурхай шийдвэрлэх нь зүйтэй" гэв.