Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.07 15:18
5020
У.Хүрэлсүх: Энэ  улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал миний нэг номерын асуудал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг ундууцав.

Тэрээр, Засгийн газар нүүрсний хулгайчдаа яагаад нэрлэж болохгүй байгаа юм. Хулгай хийсэн хүн байдаг бол гавлаад аваад яв. Та нарт эрх нь байна.

Эрхтэн дархтнууд чинь их хуралд чинь суучхаад та нарт шалгуулахгүй байвал Их хурал руу оруулж бүрэн эрхийг нь түдгэлзүүл. Ерөнхий прокурор та бүхэнд ийм эрх байгаа шд. Энэ парламент яаж ажиллахыг ард түмэн хараг.  Гэмт хэрэгтнүүдийн эрхийг нь түдгэлзүүлэх гээд ороод ирэхэд эрхийг нь түдгэлзүүлэх нь үү аваад үлдэх нь үү гэдгийг нь одоо хармаар байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол ард түмэн сонголтоо хийж төр засгаа эмхлэн байгуулах цаг ойрхон байна. 

Төрийн тэргүүний хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно. Би та нарыг жил гаран харсан. Одоо бол үгүй шүү. Энэ  улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал миний нэг номерын асуудал шүү" гэв.

Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардлаа.