Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын танилцуулгыг сонслоо. Тэрбээр дараа нь мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан.
Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулж дуусжээ.