Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.12.08 17:09
5088
Г.Занданшатар: Хэн нэгнийгээ хэлмэгдүүлэх гэсэн, эс бол гэмт хэргийг нуун дарагдуулах, “нүүрсний хулгай”-г замхруулах гэсэн аливаа үйлдэлтэй УИХ хатуу тэмцэх шаардлагатай

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэв.

   Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, түүний дотор баялгийн хулгайтай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Тиймээс залуус тав дахь өдрөө жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж Улсын Их Хурлаас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж “Нүүрсний хулгай”-н асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооноос хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаад энэ сарын 21-нд 11.00 цагаас хийхээр шийдвэрлэлээ. Бэлтгэл хангах 14 хоногийн хугацаанд ард иргэдийн саналыг авах, гэрч, холбогдох албан тушаалтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулна. Энэ талаар шүгэл үлээсэн, үнэлгээ тогтоосон, мэдээлэл, нотолгоотой байгаа Улсын Их Хурлын гишүүд бүгд оролцож мэдээлэл өгөх хэрэгтэй. Эс бол гэмт хэргийн нуун дарагдуулсан гэмт үйлдэл болж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. Холбогдох хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах шаардлагатай. Тиймээс Ажлын хэсэг, холбогдох Байнгын хороод, Тамгын газар ард иргэд, ялангуяа жагсаал цуглаанд оролцож буй залуусын төлөөллийг оролцуулан, нээлттэй сонсголыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

   Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурал гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээдэггүй. Бид Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах учиртай. Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн эрх бүхий байгууллагууд гэмт хэрэг, хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг ард түмэн шаардаж байна. Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй боловч үүссэн нөхцөл байдал биднийг Үндсэн хуулийн дагуу шаардлага, хяналт тавьж, хурдтай, хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.

   “Нүүрсний хулгай”-г зөвхөн хулгайлсан нүүрс гэж хязгаарлахгүй, нүүрс экспортын бүх шатанд гэрээ, тээвэр, хөрс хуулалт, олборлолт, жишиг татвар, АМНАТ, НӨАТ, хил гааль гээд олон хүрээг хамарч байгааг анхаарч, бүх талаас нь шалгах нь зүйтэй.

   Нийт 21 эрүүгийн хэрэг байгаа гэж мэдээлж байна. Тэдгээрээс шүүхэд шилжсэн хэргүүдэд холбогдсон улстөрчид, албан тушаалтнуудын нэрсийг иргэдэд ил тод зарлаж, мэдээлээд явах нь зөв гэж үзэж байна.

   Эзэн бие, холбогдогчгүй хэрэг гэж байхгүй. Эзэнгүй хулгайн тухай яриад байхаар ард түмэн бухимдах нь аргагүй. Тийм учраас мэдээлэлтэй, үнэлгээ тогтоосон Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд хуулийн байгууллагад мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаа өгөх шаардлагатай. Нээлттэй сонсголд оролцож, үүнийгээ мэдээллэх үүрэгтэй. Гэмт хэрэг нуун дарагдуулах нь эрүүгийн хариуцлага.

Ямар нэг байдлаар уг асуудалд холбогдсон гишүүн байвал төр, ард түмний өмнө өргөсөн тангараг, иргэний үүргээ биелүүлж, хууль хяналтын байгууллагад очиж шалгуулах хэрэгтэй. Хэн нэгнийгээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэсэн, эс бол гэмт хэргийг нуун дарагдуулах, “нүүрсний хулгай”-г замхруулах гэсэн аливаа үйлдэлтэй Улсын Их Хурал хатуу тэмцэх шаардлагатай. “Нүүрсний хулгай”-н хэргийг ард түмний хяналт дор ил тод, үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад Улсын Их Хурал өөрөөс шалтгаалах дэмжлэгийг бүрэн үзүүлэхэд бэлэн байна гэдгийг тэмдэглэж хэлье.

   Хэрэг удааширч, холбогдогчид нь илэрхгүй байгаад хуулийн буруу байхгүй. Хууль хэрэглээний буруу л байгаа. Тиймээс бүх түвшинд зөвхөн хуульд захирагдаж, хуулийг мөрдөж ажиллах ёстой гэдгийг зориуд хэлье. Шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулья. Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг бид ярилцаж байгаа. Ялын бодлогыг чангатгая, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх бүх талын боломж бий.  

   Улс орны өнөөгийн нөхцөл байдал, маргааш ирээдүйн зорилттой холбоотойгоор Улсын Их Хурал илүү ачаалалтай, хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна. Ойрын үед хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр, эхлээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүн хангах хэрэгтэй. Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай, жил гаруй ярьж байгаа. Хэтэрхий удаж байна. Энэ чинь “нүүрсний хулгай”-г шийдэх том үндэс. Олон улсын байгууллагуудтайгаа ярилцаад, өгсөн авсан гээд эрдэс баялгийг олборлох бүх шатны үйл ажиллагааг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлаа шуурхайлах хэрэгтэй байна.

   Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах зэрэг шинэ санкцуудыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарын бүх төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй байна.

   Зөвхөн “нүүрсний хулгай” гэлтгүй нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдын ёс зүйг хууль, дүрмээр зохицуулах зайлшгүй шаардлага байна.

 Иймээс энэ асуудлуудыг Улсын Их Хурлын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хянан шалгах түр хороод ч идэвхтэй, эрчимтэй ажиллах хэрэгтэй. Даваа гарагт Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн ахалж ажиллаж байгаа Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо гэрч дуудах, албан тушаалтнуудын нэрсийг тодорхой болгохоор төлөвлөөд байгаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын ахалж ажиллаж байгаа Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгаж, бүх бололцоог нь ханган, гишүүд дэмжиж ажиллах хэрэгтэй.

   Тайван жагсаалаар үзэл бодлоо илэрхийлж байгаа ард түмний саналуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийг гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллага, гүйцэтгэх засаглалаас шаардаж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороод эрчимжүүлэхийг үүрэг болгож байна" гэлээ.