Б.Батчимэг
Сэтгүүлч
Соёл урлаг
2023.01.08 17:42
3582
Б.Энхсайхан: “Зура-II” киноны “Домогт шонхорууд” дуу их өвөрмөц түүхтэй бүтсэн

“Зура- I,II”, “Эрвээвэйн сүүдэр” зэрэг уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж, “Байтаг Богд” уран сайхны киноны “Үеийн үед” дууг амьдруулсан дуучин Б.Энхсайхантай бид уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та нэлээдгүй олон киноны  хөгжмийн найруулга дээр ажиллан, өөрөө дуулж олны хүртээл болгон, хамгийн их үзэлт, хандалтыг авсан уран бүтээлүүд төрүүлсэн байна. Кино, уран бүтээлийн салбарт хөгжмөөрөө цаашид хүч үзэх бодол байна уу?  

- Өнгөрөгч онуудад дууны бүтээл гэхээсээ илүү хөгжмийн бүтээл нь илүү олон байлаа. Яалт ч үгүй кино урлаг бол миний ажилладаг салбарын нэг хэсэг болсон байна. Өнгөрсөн жил кино урлагийн салбарт хоёр ч кинонд хүч өргөсөн жил болж өнгөрсөн.

Тухайлбал, өнгөрсөн намар  Монголын кино урлагт миний хөгжмийн зохиолчоор нь ажилласан хоёр кино зэрэг нээлтээ хийсэн. Фантастик продакшны бүтээл Зура-II буюу “Цурам ажиллагаа” УСК, мөн “Эрвээхэйн сүүдэр” олон ангит киног үзэгчдийн хүртээл болгосон. Цаашид ч кино урлагт давхар уран бүтээлээ туурвисаар явах байх.

- “Зура-II киноны дуу нь өмнө нь хийгдчихсэн байсан дуу гэж сонссон?

- Миний хувьд Фантастик продакшнтай их ойр хамтарч ажилладаг. Учир нь их чадварлаг, мэргэжлийн түвшинд ажилладаг хамт олон. Тэр ч утгаараа Байтаг Богд”, “Зура-I,II уран сайнхны кинонд хөгжмийн зохиолчоор нь ажилласандаа баяртай байдаг.

Зура I,II киноны хувьд төрөл жанр нь гэмт хэрэг, улс төр, эх орны сэдэвтэй уран сайхны кино. Миний уран бүтээлийн бодлого, агуулга ч мөн эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, ёс суртахуунтай салшгүй холбоотой. Нийтдээ 9 уран бүтээл сонсогчдын хүртээл болсны ихэнх нь эх орноороо бахархах шинжтэй. Зура-II уран сайхны кинон дээр яг л ийм үзэл санааны дуутай байх шаардлага үүссэн.

Харин “Зура-II киноны хувьд “Домогт шонхорууд” дуу нь 2021 оны 07 дугаар сард зохиогдож хийгдчихсэн байсан дуу. Нийтэд цацаагүй байсан юм. Энэ дууны хувьд их сонин түүхтэй. Миний хэдэн танил тусгай албанд ажилладаг юм. Надад ажил мэргэжлийнх нь хувьд нарийн мэдэх зүйл байхгүй. Танил нөхдийн хувьд иймэрхүү ажил хийдэг, алба хашдаг гэж гадралдаг.

Тэр танилууд маань тусгай алба, чимээгүй эх орончдод зориулсан дуу хийхээр санаачилж, яруу найрагч “Болор цом”-ын эзэн М.Отгонбаяраар шүлгийг бичүүлж, намайг хөгжмийн найруулга, дуун дээр ажиллуулахаар хүсэлт тавьсны дагуу хөгжмөө зохиож, студиод дуугаа бичүүлж байлаа.

Бүтээл төрсны дараагаар манай 10 хүрэхгүй найзууд маань дуугаа сонсож, баясдаг байв. Тэр үедээ бид дуугаа нийтийн хүртээл болгож цацна гэсэн бодолгүй байсан. Тэгээд найруулагч Б.Тамирт надад нэг ийм дуу байгаа, бүх цаг үеийн тусгай албаны ажилчдад зориулсан дуу, бидний хэсэг нөхөд энэ дууг бүтээсэн юм гээд сонсгосон. Б.Тамирт ч их таалагдаж, Зура” кинонд ашиглаж, нийтийн хүртээл болгон бүх цаг үеийн чимээгүй эх орончдод зориулсан дуу бүтсэн түүхтэй. Сайхан уран бүтээл болсон.

- 2023 онд та  ямар уран бүтээлүүд дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

Би хамгийн анх 2016 онд анхны сингл уран бүтээлээ хийж байсан. Үүнээс хойш нийтдээ 9 уран бүтээл хийгдэж олны хүртээл болсон байна. Харин хийсэн киноны хөгжим дуунаасаа илүү олон байгаа. Тэгэхээр би кино урлагт илүү цаг заваа гаргаж ажиллажээ.

2023 онд өөрийн бие даасан тоглолтоо хийх төлөвлөгөө байна. Ирэх 11 дүгээр сард хийнэ гэж төлөвлөөд байна. Тиймээс одооноос бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Тоглолтондоо өөрийн зохиосон дуунуудаа хүргэхээс гадна хөгмийн зохиолчоор нь ажилласан киноны дуу, уран бүтээлүүд тоглогдоно.

Уран бүтээлч хүний хувьд 2022 он маш сайхан уран бүтээлийн жил болж өнгөрлөө. Өнгөрсөн хавар Европийн холбооны улсуудаар Салхи хамтлагийн найзуудтайгаа хамт нийт 12 орны 14 хотод аялан тоглолтоо хийсэн. Тэнд ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулан бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд ирсэн.

- Ярилцлагын төгсгөлийг танд үлдээж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлс нь арвин байхыг ерөөе.

Миний хувьд уран бүтээлч хүний эмзэглэл гэж байдаг. Улс орон явцуу утгаараа ямарваа нэгэн байдлаар байгалийнхаа шалгарлаар хөгжиж байдаг. Бид өөрсдөө хүний хөгжилдөө маш сайн анхаарах хэрэгтэй байна. Хүний хөгжилд урлаг маш их нөлөөтэй.

Нийгмийг соён гэгээрүүлэхэд дуу хөгжим ямар үүрэгтэй, ач холбогдолтой юм бэ гэдгийг манай уран бүтээлчид маш сайн судалж тооцоолж хийх хэрэгтэй байна. Бидний нийгэм маш их бухимдалтай, стресс ихтэй байна. Тийм болохоор уран бүтээлчид үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа!