Б.Уянга
Сэтгүүлч
Улс төр
2023.01.19 17:33
1840
Хүний эрхийн амин чухал асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсныг эрс буруушааж байна
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хэлэлцэх асуудлын тов, дарааллыг харгалзахгүйгээр, хүний эрхийн амин чухал асуудлыг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай адилтган авч үзэж, нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсныг эрс буруушааж байна.
1. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр Монгол Улсад Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн судлаагүй, олон нийтэд хэлэлцүүлээгүй өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийн танилцуулгад дурдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бие даасан хуулийн төсөл боловсруулахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой эсэхийг Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан аргачлалд үндэслэн тооцоо, судалгаа хийж шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд үр нөлөөний үнэлгээ, холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авч, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлсний дараа хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй юм.
2. Манай улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжихөд хууль эрх зүйн орчин төдийлэн хангалттай бус байна. Тухайлбал, хууль тогтоомжид буй хязгаарлалтууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй тохиолдол их байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭОУП)-ын дагуу, хүний эрхийг зарим талаар хязгаарлаж болох боловч энэ нь заавал хууль ёсны байх, зайлшгүй байх, тодорхой цаг хугацаатай байх, зорилгодоо хүрэхэд хэм хэмжээндээ байх шаардлагатай бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хэмжээгээр хөндсөн байх ёстой. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн 6.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн бэлэг тэмдэг, үндэсний соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон”, 6.1.3 дахь хэсэгт “хүнийг занилхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” тохиолдолд зөрчилтэй контент гэж үзэж, цензур бий болгож, улмаар хууль тогтоомжийн давхардал, хийдлийг үүсгэхээс гадна “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа юм.
3. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн. Хүний Эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсний дотор “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй үйлдэл болсныг илэрхийлж, эрс буруушааж байна.
Глоб Интернэшнл төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хөхиүлэн дэмжих, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, сайн засаглал, төрийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм.