Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.24 14:00
2500
Н.Учрал гишүүн "Ул боов" тараахаасаа урьтаж "Улныханд" зориулж хууль батлуулав

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль олон нийтийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. 

Н.Учрал сайд төдийлөн шүүмжлүүлээд байдаггүй ч 2022 оны цагаан сарын баярыг тохиолдуулан тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг, тавгийн идээний ул боов тарааж олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан удаатай. Иргэдийн боломж, саналыг ул боов, гарын бэлгээр худалдаж авдаг улстөрчдийн явуургүй арга, түүнийг нь гар тосон авдаг сонгогчтой байгаа цагт Монгол хөгжихгүй, ядуурсаар байхыг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ундууцан дургүйцэж байсны хариуд эрхэм гишүүн "Би жил бүр цагаан сарын мэндчилгээ, тайлангаа тойргийнхоо ахмадуудад хүргүүлдэг уламжлалтай. Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гурав дахь нөхдүүд тайван байна уу" хэмээн хариулж байв. 

Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, чуулганы хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь дэмжиж маш богино хугацаанд батлагдав. Тус хуулийг олон нийт ,улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж шат шатандаа байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал салбарын хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг дан хууль болгон 3 хоногийн хугацаанд баталсан явдал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулиар олгогдсон эрхээс эхлээд хэд хэдэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байна гэж хуульчид болон иргэд үзэж байгаа юм. 

Хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэн" Энэ хууль бол олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэй хүний эрхийг хязгаарлах хууль боллоо гэж харж байна. Үнэхээр зөрчилтэй гэж үзээд байгаа 12 төрлийн контентыг онлайн орчинд хязгаарлах хаах шаардлагатай юу? гэдэг асуулт урган гарна.

Энэ бүх зөрчилтэй гэж үзэж буй контентууд өөрийн гэсэн хуулиар хамгаалагдсан. Тухайлбал "Садар самуунтай тэмцэх" гэдэг бол садар самуунтай тэмцэх тухай хуулиар, хүүхдийн эсрэг цахим орчин гэж хамгийн их яриад байгаа, тэгвэл монгол улсад бүхэл бүтэн хүүхдийн эрхийг хамгаалах хоёр хууль байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн тусгайлсан бүлэгтэй. Түүх соёлын үнэт өвийн асуудлаар гутаан доромжилсон шинжтэй контент байвал блок хийнэ гэж байгаа юм.

Засгийн газар өөрөө тухайн эрх мэдлийг аваад өөрийн үзэмжээр хаах боох  асуудал яригдаж байна.

Ялангуяа энэ хууль сонгуулийн жилд бүр эрчимтэй өрнөнө. Тэгээд улс төрчдийн нам эвслийнх нь талаар сөрөг шүүмж хийсэн харлуулсан мэдээ баримт байвал түүнийг нь шүүх хяналтын байгууллагаас хянаагүй байхад нь Засгийн газар өөрийн дэргэдэх нэгжээрээ дур мэдэн 72 цагийн дотор  тухайн контентыг блоклох боломжтой болж байна.

Монгол улс энэ хуулийг хийхдээ ямар ч тооцоо судалгаанд үндэслэгдээгүй, энэ хуулийн 10 орчим төсөл байсан гэж хэлээд байгаа боловч уучлаарай гэж хэлье. Энэ тал дээр тийм ч олон төсөл байхгүй. Хууль зөрчиж хууль хийж болохгүй. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийж санал тусгах ёстой байсан. Тэр ч бүү хэл мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг аваагүй. Агуулгын түвшинд ,үзэл баримтлалын түвшинд, зарчмын түвшинд байж болохгүй үзэгдэл гарсан. Мөн Монгол улс 31 жилийн хугацаанд түүхэндээ 3 хоногийн хугацаанд хууль баталлаа. Энэ бол маш сөрөг жишээ болж үлдэж байна" гэв. 

Эл хуулийн талаар мэдээлэлтэй байгаа дийлэнх иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ямартай ч олон нийтийн саналыг тусгаагүй, Улсын их хурал намрын чуулганы хугацаанд ердөө 16 хууль баталсан байхад 3 хоногт яаравчлан баталсан нь хууль хуудуутайг элхэн харуулж байна. Тус хуулийг эргэн харах шаардлагатай байна.