Нийгэм
2023.01.25 09:32
4785
Түүхий нүүрс элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг бол Монголчууд элэгний хорт хавдараар тэргүүлэх нь ойлгомжтой

Хоёр хоногын өмнө элэгний Д вирустэй иргэдийн чуулга уулзалт болж элэгний хорт хавдараараа Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр байрт орж байгаа гэх тоо судалгааг албаныхан танилцууллаа. Энэ нь мэдээж иргэдийн эрүүл мэнд бие организмаас шалтгаалж байгаа ч гадаад хүчин зүйлийн нөлөө их . Ингэж хэлж байгаа учир нь түүхий нүүрснээс ялгардаг хүхэрлэг хий нь элэгний хорт хавдар үүсгэдэг гэдэг нь батлагдсан байна. Энэ цочирдом мэдээг УИХ-ын гишүүн, Монгол улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, Ж.Чинбүрэн батлан хэллээ. Нэг үгээр хэлбэл та бид түүхий нүүрсний нөлөөгөөр элэгний хорт хавдартай болох нь. 2019 он хүртэл Улаанбаатарчууд бид түүхий нүүрсээ түлж түүнийхээ утаа угаараар маш олон жил амьсгалсан.

Харин 2019 оноос хойш шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийслэл хотод албан байгууллага аж ахуй нэгжүүд түүхий нүүрс түлсээр байна. 600 гаруй аж ахуй нэгжээс 20 гаруйхан нь л үлдсэн гэж албаныхан хаацайлж байгаа ч энэ нь иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж байна.Улаанбаатар хотын  ерөнхий менежерийн өгсөн мэдээллээр ОХУ-ын газформ компанитай яриж газаар эдгээр аж ахуй нэгжүүдийг халаахаар судлаж байгаа гэж байгаа ч үүнд дор хаяж 2-3 жил шаардлагатай. Одоо түүхий нүүрс түлээд байгаа аж ахуй нэгжүүд шахмал түлш түлэх гэхээр зуух нь стандартад нийцэхгүй гэх шалтгаан тоочиж түүхий нүүрсээ түлсээр байгаа нь агаар орчны бохирдлыг бууруулах журмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Судлаад үзвэл эдгээр аж ахуй нэгжүүд нийслэлийн алслагдсан дүүргийн сургууль, цэцэрлэг, цэргийн анги нэгтгэл, хувийн аж ахуй нэгжүүд байгаа юм. Гэтэл хүүхдүүд сурч байгаа сургууль, цэцэрлэг нь түүхий нүүрс түлж, ялгарсан хүхэрлэг исэл хорт хавдар үүсгэсээр байна. Энэ яавч орхиж болохгүй асуудал баймаар. Гэтэл нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй бүр мэдээлэл өгөхөөс ч татгалзсаар байна. Цаашлаад Улаанбаатарчууд өнөөдөр хүртэл түүхий нүүрсийг барьцалдуулагч бодистой хольж гаргасан шахмал түлшээр амьсгалсаар байгаа нь хэдхэн жилийн дараа хорт хавдартай болохгүй гэх баталгаа алга байна. Нэг үгээр хэлбэл Түүхий нүүрс элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг бол Монголчууд элэгний хорт хавдараар тэргүүлэх нь ойлгомжтой байна.