Баялаг бүтээгч
2023.01.26 20:11
2872
Н.Энхжаргал: “Хүнсний хувьсгал” үйлдвэрлэгч бидэнд маш том найдлага төрүүлж байна

19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Өгөөмж архад" компанийн үйлдвэртэй танилцлаа.

"Өгөөмж архад" компани нь 2000 онд өрхийн үйлдвэрлэлийн хүрээнд, түрээсийн байранд үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол, өнөөдөр 130 гаруй хүнийг ажлын байраар хангасан, чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани болон өргөжжээ. Тус компани Монгол Улсын гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 15 хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн борлуулалт 15-20 хувиар тогтвортой өссөн байна.

Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг компани өөрийн эргэлтийн хөрөнгөөрөө захиалж суурьлуулалт хийж байна. Үүнд:

  • Гурил шигшигч
  • Зуурмагийн машин
  • Шарах шүүгээ
  • Уутны ам боогч зэрэг тоног төхөөрөмжүүд орж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Өнөөдөр улсын хэмжээнд 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байна. Тэд хэрэглэгчиддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх зорилго өвөртлөхийн зэрэгцээ өөрсдийн ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг ханган, тогтвортой ажлын байр бий болгож байгаа нь улс орныхоо эдийн засаг болон хөгжил дэвшилд томоохон дэм болж байна. Үүний нэг болсон "Өгөөмж архад" компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг нь сонслоо. Бид эх орондоо амжилттай хүнсний хувьсгал хийхийн тулд цаасан дээр бичигдээд үлдэх бус бодит биеллээ олсон, үр дүнд хүрсэн ажил хийхийг зорьж байна. Тиймээс баялаг бүтээгчдийнхээ хэлсэн санал бүрийг ажил болгоход анхаарч байна. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол нь олон үндэсний үйлдвэрлэгчийн нурууг тэнийлгэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

"Өгөөмж архад" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал:

Манай компани хэрэглэгчдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлогыг хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бусад үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,ажилчдаа тав тухтай ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь сайжруулах зорилготой ажиллаж байна. Бид бусад хүнс үйлдвэрлэгчдийнхээ адил 23 жилийн түүхийг бүтээхдээ олон бэрхшээлийг даван туулж байсан. Манай компани ажилчдынхаа тоогоор ЖДҮҮ-нд хамаардаг ч жилийн орлогоороо хуульд заасан хэмжээнээс /300 сая-1 тэрбум/ давчихдаг.Энэ нь зээл тусламж авахад хүндрэл үүсгэдэг. Манайхтай адил зовлонтой аж ахуйн нэгж олон байдаг гэж бодож байна. Тиймээс жижиг мэт боловч олон бэрхшээл дагуулдаг ийм зүйлүүдийг тодорхой болгож өгөөсэй гэж хүсэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган эх орондоо хүнсний хувьсгал хийхээр зорьж эхэлсэн нь бидэнд ихээхэн найдлага төрүүллээ. Хэрэв энэ ажил бодит биеллээ олж чадвал зөвхөн үйлдвэрлэгчид бид төдийгүй монголын иргэн бүрт өгөөжтэй зүйл болно.

Хүнсээр дамжих өвчин нь эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаанд сөргөөр нөлөөлж нийгэм, эдийн засгийн хөгжилд саад учруулж байна гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Иймд хүнсний аюулгүй байдалд анхаарах улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал дэгдэж, улс орнуудад геополитикийн асуудал хурцадсаны улмаас 829 сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ.

2022 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын чуулганы индэр дээр зарласан. Энэ хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолыг Улсын Их Хурал баталж нийт 1.7 их наяд төгрөг төсөвлөхөөр болоод байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх чухал үйл явдал, түүхэн шийдвэр юм.

Эх орондоо хүнсний хувьсгал хийхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх субьект нь үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид байна гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг бус удаа онцолсон бөгөөд Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхөөрөө Ч.Даваабаярыг томилсон. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа баялаг бүтээгчдийн төлөөллийг зөвлөхөө болгосон явдал юм.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажлаа хүлээн авснаас хойш нийт 50 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.