Баялаг бүтээгч
2023.01.26 22:28
4697
С.Байгалмаа: Үйлдвэрээ хөгжүүлье гэвэл хэрэглэгчээ сонс

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын ууган торт үйлдвэрлэгч "Батбайгаль бэйкэри"-ний үйлдвэрийн байранд ажиллалаа.

Батбайгаль компани нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж буй монголын анхны мэргэжлийн бэйкэри юм. Тус хамт олон бялуу, нарийн боовны үйлдвэрлэлд бүхий л хүсэл сэтгэлээ зориулан, амт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхээр 26 жил тууштай зүтгэж байна.Анх үүсгэн байгуулагдахдаа 1 төрлийн бялуу үйлдвэрлэж байсан бол 50 орчим нэр төрлийн бялууг хэрэглэгчийн хүссэн чимэглэл, загвар дизайнаар урлаж байна. Батбайгаль компани үйлдвэрээ өргөжүүлж Канад улсын Unifiller компанийн цагт 600 ширхэг бялуу үйлдвэрлэдэг автомат шугаман дамжлагатай машиныг оруулж ирэн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Ингэснээр гар ажиллагааг багасгаж, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хэмнэх давуу талтай юм.

Мөн 150 гаруй нарийн боов, нандин бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэж буй юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

"Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн /дэлхийн 10 хүн тутмын нэг нь/ өвдөж, 420 мянган хүн нас бардаг. Бага, дунд орлоготой орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болж жил бүр 110 тэрбум ам.долларын бүтээмж, эмчилгээний зардал алдагддаг гэх тоо баримт бий. Иймд эрүүл аюулгүй хүнсээр хүн амыг хангах нь дэлхий нийтийн толгойны өвчин болжээ. Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гарган эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилготой "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь жинхэнэ цаг үеэ олсон гэдгийг зочилсон 80 гаруй хүнс үйлдвэрлэгчид бүгд хэлж байна. Энэ нь бидэнд урам өгөхөөс гадна заавал үр дүнд хүргэх ёстой гэх хариуцлагыг давхар үүрүүллээ гэж ойлгож байгаа. Өнөөдөр /2023.01.26/ гэхэд талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний салбарт үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа гурван үйлдвэрт ажиллаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт бий. Энэ заалт "хүнсний хувьсгал"-ыг санхүүгийн хувьд баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл эрх зүй, санхүүгийн хувьд хэрэгжих баталгаа нь энэхүү 36-р тогтоол юм.

"Батбайгаль" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Байгалмаа:

Би хүнсний салбарт ажиллаад 26 жил болж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдээ сонсох нь манай компанийн хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйл байсан. Одоо ч бид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хийхэд гол анхаарлаа хандуулж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жил ажиллахад төр засгаас олон бодлого шийдвэр гарч байсан ч үр дүнгээ өгсөн нь ховор. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан ажил багагүй ахицтай явааг хараад талархаж байна. Мөн өөрсдийн биеэр бидэнтэй уулзаж, удаан хугацаанд дотроо хадгалж ирсэн асуудлыг минь сонсож, эрх зүйн боломжуудын тухай мэдээлэл өгч байгаа нь шинэлэг бөгөөд баярлууштай явдал байна. Манай компани салбартаа анхдагчийн хувьд зөв зүйлийг дэмжиж , бурууг нь шүүмжилж, эх орондоо хүнсний хувьсгал хийхэд гар бие оролцоно гэж бодож байна.