Баялаг бүтээгч
2023.02.03 18:27
7150
Б.Нандинчимэг: Монголчууд эх орныхоо чихэр, амттанг худалдан авбал жил бүр гадагш урсгадаг 40 сая ам.долларыг дотооддоо үлдээнэ

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарт монголын анхны масс чихрийн үйлдвэр “Монконди” брэндийг үүсгэн байгуулагч Б.Нандинчимэг болон тус байгууллагын хамт олон оролцлоо.

Мөн зочин хөтлөгчөөр “Монлайн” спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, баялаг бүтээгч А.Чимэд-Очир оролцож, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудал болон давуу талуудын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

БОСА Холдинг ХХК нь 30 орчим жилийн турш дотоодын зах зээлд чихэр, амттанг импортлон оруулж ирсэн. Энэ үед монголчууд амттаны хэрэглээгээрээ ОХУ, Украйны дараа ордог, энэ салбарт томоохон зах зээлтэй улс боловч нийт хэрэглээнийхээ 97 хувийг бусад улсаас импортоор авдаг гэдгийг мэджээ.Өөрөөр хэлбэл бид жил бүр 20 сая кг чихэр импортоор авч, 40 сая ам.доллар гадагш урсгадаг гэсэн үг. Иймд дотооддоо үйлдвэрлэсэн, амт чанарын шаардлага хангасан чихэр үйлдвэрлэхээр зорин “Монконди” брэндийг 2020 онд байгуулсан байна. Нэрний хувьд монгол гэдгийн мон-г орос хэлний кондитер /чихэр, амттан хийдэг хүн гэсэн утгатай/ гэсэн үгтэй нийлүүлж Монконди гэжээ.

111 хүний бүрэлдэхүүнтэй тус хамт олон Монгол Улсын чихэр, амттаны манлай үйлдвэр болох, импортын хараат байдлыг бууруулах, экспортлогч хүнсний үйлдвэр болох, хүнсний салбартаа кластерлан хөгжих гэсэн томоохон амбицтай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор ашиг харалгүй туршилтын үйлдвэрлэл эрхэлж байгааг онцолсон юм. Тодруулбал “Монконди” брэндийн чихэр импортын чихэрнүүдтэй харьцуулахад хямд үнэтэй худалдаалагдаж, ард иргэдийн уламжлал болсон, идэж заншсан түүхий эдээр шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зах зээлд эрэлттэй байж чадах эсэхийг тандаж байна. Тухайлбал “есөн эрдэнэ”, “дөрвөн хүчтэн”, “шар сүүний чихэр” зэрэг бүтээгдэхүүнүүд нь монголчуудад хэдийн танил болсон дотоодын түүхий эдээр хийсэн онцлогтой.

Түүнчлэн ОХУ-ын чихэр, амттаны зөвлөх технологичдын заавраар дэлхийн стандартад нийцсэн, монгол онцлогт тулгуурласан чихэр, амттаныг үйлдвэрлэж байна.Цаашдаа зөөлөн болон хатуу чихэр, шоколад, молоко, шоколадны крем үйлдвэрлэж  зах зээлд  нийлүүлэхээр төлөвлөсөн. Яг одоо үйлдвэрийн шинэ шугамыг ашиглалтад оруулах ажил эхэлж, шоколад үйлдвэрлэх төсөл нь ахицтай явж байна.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт хүч үзсэн 2 жилийн хугацаанд багагүй бэрхшээлүүд тулгарчээ. Цар тахлын үетэй зэрэгцэн үйл ажиллагаагаа эхэлсэн нь даван туулах сорилтуудын нэг байв. Хил хаасан тул сав, баглаа боодлын нийлүүлэлт зогсож, зарим нэр төрлийн түүхий эдийн дутагдалд оржээ. Мөн гаднаас ирдэг зөвлөх технологичид ирж чадахгүй болсон.Гэтэл манай улсад энэ салбарт мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин байгаагүй. Харин цар тахал намжсанаар эдгээр асуудлууд цэгцэрч эхэлсэн байна. Одоо дараагийн шат болох бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон нэр төрлийг нь олшруулах, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сайжруулах, шинэ шугам нэмэх ажилдаа оржээ. Тиймээс тун удахгүй хэрэглэгчиддээ монконди брэндийн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хүргэх юм.

Мөн хүнс үйлдвэрлэлийн салбарт төрийн дэмжлэг байвал илүү хурдан хугацаанд хөгжиж, дэвших боломж байгааг нэвтрүүлгийн зочин Б.Нандинчимэг онцолж байв. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ ажлынхаа хүрээнд “Монконди” чихрийн үйлдвэртэй танилцсан байна. Тус хамт олон энэ үйл явдлыг бэлэгшээн “Хүнсний хувьсгал” нэр төрлийн чихрийг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэсэн байна. Үүнийг нь Ерөнхийлөгч болон ЕТГ төрийн худалдан авалтаар дэмжиж ажилласанд талархаж байгааг хэлж байв. Цаашид иргэд ч бас дэмжиж зөвхөн “Хүнсний хувьсгал” нэр төрлийн чихэр бус үндэсний үйлдвэрийнхээ чихэр, амттанг худалдаж авахыг уриалсан юм. Ингэж чадвал дээр дурдсанчлан бид 40 сая ам.долларыг гадагш урсгалгүй дотооддоо үлдээх боломж бүрдэнэ.