Нийгэм
2023.02.06 17:03
1115
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч "Есөн Од" компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд импортыг орлох үндэсний үйлдвэрлэл "Есөн Од" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Есөн Од" компани нь стандартын дагуу амтат идээний дээж шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2002 оноос баруун Европын орнуудын шоколадны үйлдвэрийн судалгааг явуулсны үндсэн дээр Бельги улсын Ноу Хоу болон технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлээ эхлүүлснээр 2004 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголын анхны шоколадны үйлдвэр болсон. Байгуулагдсан цагаас хойш 19 жилийн хугацаанд шат дараалалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл болон өргөтгөлийн ажлыг эрчимтэй явуулснаар өнөөдрийн байдлаар өдөрт 50 гаруй нэр төрлийн 5 тонн шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний ууган амттаны үйлдвэр болоод байна.

Үндэсний үйлдвэрлэгчдээ түшиглэн импортын хараат байдлаас ангижрах нь өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа дотоодын үйлдвэрүүдийг босгож ирэх, хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, хангамж хүртээмжийг сайжруулах гол түлхүүр юм.

Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. "Есөн од" ХХК ирэх таван жилд үйлдвэрлэлийн шугамуудыг бүрэн автомат болгон бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна.

Дотоодынхоо амттаны хэрэгцээг импортоос хараат бус байлгах эх оронч зорилго тавин ажиллаж буй Golden Gobi Хүнсний хувьсгалд нэгдлээ

Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шийдвэр гарган "Хүнсний хувьсгал"-ыг эхлүүлсэн нь төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах эхлэл хэмээн үзэж байна. Цаашид баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид төдийгүй худалдан авалт хийж буй иргэн бүр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг "Есөн Од" компанийн зүгээс уриаллаа.