Нийгэм
2023.02.06 17:49
1451
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын бүтээсэн “Мимо” брэндийн малын тэжээл, эрдсийн үйлдвэрлэлтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Мимо" брэндийн малын тэжээл, эрдэс үйлдвэрлэж буй "Эл Би Эйч Технологи" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Эйл Би Эйч Технологи" компани нь 2019 онд био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл чиглэлээр байгуулагдсан. Эх орныхоо түүхий эдээр монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээ, оюун ухаан, эрдэм мэдлэг, туршлагаас гаргаж авсан "Мимо" брэндийн бод, бог малын тэжээл, тахиа, гахайн шахмал эрдэс болон ХАА, газар тариалан, хүнсний ногоо, таримал мод ургамал, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай байгаа органик эрдсийн бордоог үйлдвэрлэн хөдөө аж ахуйн салбарт чухал хөрөнгө оруулалт хийж байна.

Шинжлэх ухааны туршилт, судалгаа технологид суурилсан эрдэм мэдлэг бол мөнхийн баялаг юм.

"Эйл Би Эйч" группын ТУЗ-ын дарга Б.Батсанаа: Мимо брэндийн ард одоогоор чиглэл бүрийн 15-н шинжлэх ухааны эрдэмтэн, доктор, судлаачид технологийн багийг удирдан баг болон ажиллаж байна. Тэжээл судлал, эрдэс пиремикс, хөрсний бордоо, ургамал хамгаалал, хими, физик, үйлдвэрлэлийн чиглэлээр салбартаа 12-40 жил ажилласан мэргэжилтүүд байдаг. Шинжлэх ухааны туршилт, судалгаа технологид суурилсан эрдэм мэдлэг бол мөнхийн баялаг юм.

Бэлчээрийн ногоон ургамал нь уураг, витамин, эрдсээр баялаг, малын өсөлт , хөгжилтийг түргэсгэж ашиг шимийг нэмэгдүүлэх чанартай бодисыг агуулж байдгаараа сайн чанарын тэжээлд тооцогддог байсан. Гэвч бэлчээрийн ургамлын найрлага, шимт чанар тогтмол бус, ургамлын хөгжилтийн үе шат, улирлын байдлаар өөрчлөгдөн өвөл, хаврын улиралд хамгийн бага байдгаас малын бие махбодийн шаардлагыг хангахгүйд хүрээд байна. Иймд малын ашиг шим, тарга хүч, өсөлт хөгжилтийг бууруулахгүй байхын тулд нэгдмэл тэжээлээр тэжээх шаардлагатай гэдгийг "Мимо" брэндийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл танилцуулав.

Шинжлэх ухаан, туршилт, судалгаанд суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь импортын тэжээлийн хэмжээг бууруулах, экспортлох, зах зээлийн үнийн тогтворжилтыг тогтоох давуу талтай

Манай улсад фермерийн аж ахуй хөгжиж, тахиа гахай үхрийн аж ахуйнууд олноор байгуулагдаж байна. Гэвч аж ахуй хөгжихийн хирээр тэдгээрийн тэжээлийн нөөц ихээр шаарддагддаг. Хэдэн мянгаар тоологдох гэрийн тэжээвэр амьтад, эрчимжсэн фермийн мал амьтны хоол тэжээлийн асуудал бол ихээхэн өргөн хүрээтэй асуудал. Иймд тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлж, малын эрдэс тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр шинжлэх ухаан, туршилт, судалгаанд суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь импортын тэжээлийн хэмжээг бууруулах, экспортлох, зах зээлийн үнийн тогтворжилтыг тогтоох, бүс нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.