Нийгэм
2023.02.07 13:12
1755
Үндэсний үйлдвэрлэгчид "Хүнсний хувьсгал"-д нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

received_912159896725349

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монголын анхны шоколадны үйлдвэр "Есөн од" ХХК-д ажиллалаа.

"Есөн од" ХХК 2004 онд дотоодын зах зээлд Голден Гоби шоколадыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил какаоны шошноос шоколад үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр, шоколадан музей-дэлгүүрийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. "Есөн од" ХХК ирэх таван жилд дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний ууган сүүний үйлдвэр "Сүү" ХК-д ажиллалаа.

Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй.

Одоогоор 4,200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ. Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид "Үдийн цай" хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтой юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Эйл Би Эйч Технологи" ХХК-д ажиллалаа.

Тус компани 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мал, амьтанд зориулсан "Мимо" эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. "Мимо" брэнд нь бод, бог малын тэжээл, тахиа, гахайн шахмал эрдэс болон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, таримал мод ургамал, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай байгаа органик эрдсийн бордоо юм. Тус бүтээгдэхүүн нь малын ерөнхий эрүүл мэнд, дархлаанаас гадна тэжээл шингэцийг 10-20 хувь сайжруулдаг. Мөн тэжээлийн зардлыг 10-20 хувь бууруулж, сүүн ашиг шимийг 10-15 хувь, махан ашиг шимийг 20-25 хувь нэмэгдүүлэн, малын биеийн хорыг саармагжуулж, хорт бодисыг гадагшлуулдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Өгөөмж Архад" ХХК-д ажиллалаа.

2000 онд байгуулагдсан тус компани 130 гаруй ажилтан, албан хаагчтай, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 30 нэр төрлийн бялуу, бэйкери, кофе шопын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 14 орчим хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 50 хувийг хөөмөл, 25 хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг байна. Цар тахлын үед төрөөс аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад томоохон дэмжлэг болсныг хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлэв.

Тус компани цаашид хүчин чадлаа нэмж, эрэлтэд нийцсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэх, хэрэглэж буй усаа саарал ус болгон дахин ашиглахаар төлөвлөсөн байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын системээр гуравдах цалинг сар бүр олгодог. Мөн ажилтнуудаа их, дээд сургуульд сурган, шинэ гэр бүлд байр олгож, төрөл бүрийн сургалтад хамруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

Тус компани элсэн чихрээс бусад бүх түүхий эдээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч, харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна. "Өгөөмж Архад" ХХК 2022 онд улсын төсөвт 750 орчим сая төгрөгийн татвар төлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч "Хүн од" ХХК-д ажиллалаа.

"Хүн од" ХХК 1992 онд байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн үндэсний аж ахуйн нэгжийн нэг юм.

Улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж, 2011 онд бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтад оруулж байжээ. Шинээр бий болгосон Armos брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнээс гадна хаягдал өөхийг боловсруулж үйлдвэрлэсэн саван зах зээлд нийлүүлж байна. 60 гаруй ажилчинтай. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний татварыг өндөрсгөвөл үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт томоохон дэмжлэг болно гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа.

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд ижил төстэй импортын барааны татварыг үе шаттай нэмэх тухай асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ.

"Хүн од" ХХК одоогоор нөөшилсөн бүтээгдэхүүнээ ОХУ-д, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэгч "Эко Цаас" компанид ажиллалаа.

"Эко Цаас" ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодлын бүрэн автомат үйлдвэр юм. Импортыг орлож, үндэсний үйлдвэрлэгчдэд чанар стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг, сав баглаа боодлыг богино хугацаанд, хэрэгцээт хэмжээгээр нийлүүлж байна. Мөн монголдоо хамгийн том формат бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэх боломжтой бөгөөд байгаль орчинд хоргүй 100% эко түүхий эд материал ашигладаг.

Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нь үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг эдийн засгийн олон талын ач холбогдол, үр ашгийг үзүүлэх томоохон санаачилга хэмээн харж, дэмжин ажиллахаа "Эко Цаас" ХХК-ийн зүгээс онцлон тэмдэглэв.