Улс төр
2023.02.07 14:26
2597
Ерөнхий сайд “нүүрсчидтэй нүдэлцэж” эхэллээ

Зууны луйвраас ч илүү зартай гэмт хэрэг нүүрсний хулгай байсныг бид бүгдээрээ харлаа. Цаашид ч мартагдахгүй биз. Нийт хохирол нь 40 их наядаар үнэлэгдэж 66 иргэн албан тушаалтанд эрүү үүсгэж, 26 хүнийг энэ хэрэгт холбогдогчоор татан баривчлан саатууллаа. Тэгвэл УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр нэр холбогдож тэр хэрээрээ хохирлын хэмжээ тэлсээр байна. Ах нам, ардчилсан нам гэлтгүй нүүрс идсэн уусан нь ил болсон энэ цагт ардын намын гишүүд эхнээсээ нэрээ татаж шалгуулахаар болсон нь нийгэмд томоохон шуугиан дэгдээгээд байна.

Өнгөрсөн 7 хоногт Ж.Мөнхбат гишүүн нэрээ татаж шалгуулахаар болсон бол өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нэрээ татах хүсэлтээ УИХ-ын дарга, ерөнхий сайдад өргөн барилаа. Энэ бүгдээс хархад ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нам доторхи “нүүрсчидтэйгээ нүдэлцэхээр” шийдсэн нь үнэн бололтой. Цаашлаад УИХ-ын нүүрсчин гишүүдээс дараагийнх нь хэн байх бол гэх таамаглал улс төрийн хүрээнд халуухан өрнөж байна. Нэг талдаа ерөнхий сайдын энэ алхам нийгэмд таалагдаж байгаа ч нөгөө талдаа намдаа таалагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч нүүрсчидтэй тэмцэнэ гэдгээ алхам тутамдаа мэдрүүлж байгаа түүнийг нам, намын бүлэг ч хүчтэй эсэргүүцэж төдий л чадахгүй болов уу. Гэхдээ л цор ганц үнэн гэвэл Л.Оюун-эрдэнэ намынхаа хөрөнгөтэй, нөлөө бүхий, эрх мэдэлтэй гишүүдтэйгээ “нүдэлцэж” эхэллээ.