Нийгэм
2023.02.07 14:49
1265
Үндэсний үйлдвэрлэгч "Хүн Од" компани "Хүнсний хувьсгал"-д нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2023.02.07/ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Хүн Од" компанид ажиллалаа.

"Хүн од" компани нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм. Эдүгээ 60 гаруй ажиллагчидтай, шинээр бий болгосон ARMOS брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хот орон нутгийн 400 гаруй худалдаа, үйлчилгээний цэгт өөрсдийн борлуулалтын албаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн ОХУ, Хятад, Герман, БНСУ зэрэг орнуудтай Монгол мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг тогтмол хийж харилцан ашигтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж байна.

  • 2012 онд Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагаагаар "ААА" зэрэглэлийн ИТГЭМЖЛЭЛ
  • 2017 онд Мах бэлтгэх, хиам болон нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжилж хянах НАССР тогтолцоо
  • Үйлдвэрийн байрандаа TL 140 ISO/IEC 17025:2005 ( MNS ISO/IEC 17025;2007 ) стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн сорилтын лабораторитой болжээ.

Удаан хугацаанд орхигдоод байсан үйлдвэр эрхлэгчдийг Монгол Улсын төрийн тэргүүн санаачилга гарган дэмжиж байгаад талархаж байна.

"Манай компани өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт хамгийн ойрхон худалдааны төв, зах, дэлгүүрт зориулалтын машинаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэж дотоодынхоо мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах үйлст хувь нэмрээ оруулаад 30 жил болж байна. Түүхий эд, техник тоног төхөөрөмж нь импортоос хараат, түүгээрээ дамжуулж үйлдвэрлэлийн түвшин шалтгаалж буй өнөө цагт үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг хэцүү. Гэвч бид эх орондоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байдагтаа бахархдаг. Үйлдвэрлэгч бидэнд санхүүгийн дэмжлэгээс илүү үйлдвэр, үйлчилгээний салбар хөгжсөн улсаас туршлага судлах, харилцаа холбоо үүсгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэж боддог. Удаан хугацаанд орхигдоод байсан үйлдвэр эрхлэгчдийг Монгол Улсын төрийн тэргүүн санаачилга гарган дэмжиж байгаад талархаж байна" хэмээн "Хүн Од" компанийн зүгээс илэрхийлэв.