Улс төрийн нам
2023.02.08 14:25
3376
Ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардлаа


Өнөөдөр /2023.02.08/ Ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ.

ОХэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт, ҮБХ-ны гишүүн О.Батханд, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон АН-ын гишүүн П.Галиндэв нар оролцлоо.

Ардчилсан намын гишүүн П.Галиндэв “Монгол Улсад өнөөдөр үгээ хэлсний төлөө, лайв хийсний төлөө шоронд ордог нийгэм бий болчихсон юм уу? МАН-ын үед л лайв хийсэн иргэнээ шоронд хийдэг нийгэм, дарангуйлал бүрдэж байна. Залуучууд талбай дээр жагсвал шоронд хийдэг, үзэл бодлоо илэрхийлбэл шоронд хийдэг нийгмийг бүрдүүлсэн байна. Өнөөдөр монголд нүүрс, концесс, ждү гэх мэт маш олон хулгай байна. энэ бүгдийг хэлсэн хүн бүрийг шоронд хийгээд байх уу? ” гэлээ.

Ардчилсан намын Дэд дарга Б.Га-Очир “Монголын ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулж сонгуулийн үеэр өөрсдийн эрх мэдлийг бататгаж монгол орон даяар энэ сүлжээг хаахын тулд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй ч МАН-ыг олон нийтийн сүлжээнд хамгаалах хуулиа баталсан. Үүний хажуугаар сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг маш олон хүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэх үндэслэлээр хорьж байна. Сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг олон залуусын эрхийг хамгаална гэдэг бол Ардчилсан намын гол үүрэг юм” гэлээ. 


Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт "Монголчуудын амьдрал өдөр ирэх тусам уруудан доройтож байна. Энэ бүх асуудал нь авлига, хээл хахууль, албан тушаал, хөгжлийн банк болон нүүрстэй холбоотой хулгай дээрэм болсон. Энэ хулгай дээрэм,  болохгүй байгаа зүйлийг нийгэмд ил гаргаж ил тод, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа иргэдийг барьж хорьдог тогтолцоо бий болчихлоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. Үгээ хэлсэн хүн бүрийг бид хамгаалахын төлөө байна” гэлээ.