Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.08 15:49
823
Г.Сайханбаяр: Бид туршлагатай алба хаагчдаа илгээсэн

Монгол Улсын Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлаас өглөөний 04:30 цагт тус улс руу хөлгийн жолоо залсан. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар Монгол Улсын тусламжийн баг тус улсад амжилттай газарджээ.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид юм.

Тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах Ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдах юм байна.

Өчигдөр тус багийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгчээ.

Тэрбээр, Та бүхэн бол ажиллагааны газар оронд хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатайгаас гадна гамшиг ослын үед ажиллах сэтгэлзүй болон бие бялдрын чадвар эзэмшсэн. Түүгээр зогсохгүй англи, турк хэлтэй учир үүрэг гүйцэтгэх газарт очоод нутгийн иргэдтэй хэл нэвтрэхгүй гэсэн бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг хүсье хэмээн захижээ. Эмч нарын багийн тухайд Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламжийн чиглэлээр тусламж үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийх аж.