Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.08 16:26
949
С.Батдөлийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Нийслэлийн прокурорын газраас С.Батдөлийн цагдан хорих хугацааг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авчээ.

       Улмаар өнөөдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих...” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. 
 
           Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум 328 сая 950 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.