Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Ерөнхийлөгч
2023.02.21 12:13
7273
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэв.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая” хэмээн Морины явдал аялгуу эгшиглэсний дараа гурвантаа уухайлав.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Усан туулай жилийн өнгийг хэлэлцэв.