Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.03.03 10:33
3482
У.ХҮРЭЛСҮХ: Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг “эх оронч хэрэглэгч” байхыг ард түмэндээ уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн" Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Миний тэргүүлж байсан Засгийн газраас 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж байсан.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, иргэдэд орон даяар уриалан "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байлаа.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023" арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь дэлхийн улс орнууд, ард түмнүүдийн үндэсний аюулгүй байдалд хүнсний хангамж нь ямар их нөлөөтэй болохыг харуулсан юм. Манай улсын хувьд хүнсний хангамж нь импортоос хэт хамааралтай байгаа явдал нь ямар эрсдэлтэй, ямар эмзэг болохыг энэ цаг хугацаа, нөхцөл байдал бидэнд мэдрүүлж, "Үйлдвэрлэгч орон" болохын чухлыг дахин сануулж, "Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод" шилжих суурь реформыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

Ялангуяа эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд Монголчууд бидний өмнө ирсэн байна.

Монгол Улс стратегийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, "Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон" болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй.

Төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

Үндэсний үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар стандартын шаардлага хангахад онцгой анхаарч, харин түмэн олон, төр засаг худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжвэл зохино.

Тиймээс, Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг "эх оронч хэрэглэгч" байхыг ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм. Эцсийн дүндээ үндэсний аюулгүй байдлаа хангахад оролцож байгаа Монголын иргэн хүний бодит үйлдэл юм.

Өрх бүлээсээ эхлэн үйлдвэрлэгч цаашлаад улс орноороо экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ