Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.13 08:55
1661
Багануур дүүргээс Улсын аварга фермер хоёр дахь удаагаа тодорлоо

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин П.Сундуй өдгөө 18 жил мал маллаж буй. Энэ жил 1500 гаруй мал өвөлжүүлж, малын хоргодолгүй, төл бүтэн хаваржиж байгаа бөгөөд энэ жил “Улсын аварга фермер”-ээр тодорч Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон дүүрэг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Мал маллах хугацаандаа Б.Дүүрэнбилэгийг 2012 оноос, П.Сэрээтэрийг 2018 оноос туслах малчнаараа ажиллуулан малжуулж, тус бүр 400-500 малтай болсон байна. Мөн өнгөрсөн оноос Ц.Санжаажамцыг малчнаараа ажиллуулж эхлэн, 100 эм хонь, 50 ишиг, 2 тугалтай үнээ, нийт 152 малтай болгон, мал маллах ухаанд сургаж буй юм.
Мөн тэрбээр орон нутгийнхаа малчдад тус нэмэр болж, 2015 онд өөрийн хөрөнгөөр гүний худаг гаргаснаас гадна, жил бүр нутгийн малчдынхаа хадлан тэжээлийг бэлтгэх ажлыг гардан хариуцаж, Дорнод аймгаас жилд 40-50 тонн хадлан тэжээлийг бэлтгэн, иргэддээ нийлүүлэн ажилладаг аж.
П.Сундуйн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн:
- 2012 онд “Малчин залуу”,
- 2016 онд хорооны “Мянгат малчин”,
- 2017 онд Хөдөө аж ахуйн “Жуух бичиг”,
- 2018 онд Хөдөө аж ахуйн Тэргүүн,
- 2019 онд “Дүүргийн сайн малчин”, “Нийслэлийн сайн малчин”-аар тус тус шагнагдаж байсан юм.