"Оюу Толгой"-н Гүний олборлолт өнөөдөр эхэлж байна. Нээлтийн үеэр Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үг хэллээ.
Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
Оюу толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбен төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бурийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Энэ нь Рио Тинтогийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний Хамтын ирээдүйн суурь билээ.