Нийгэм
2023.03.13 13:55
1535
Монголчууд “Хүнсний хувьсгал” хийснээр аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэж эхэлнэ

Хөгжингүй орнуудад эрчийг авсан "Аж үйлдвэрийн IV хувьсгал"-д монголчууд удаан хугацааны дараа хариу үйлдэл үзүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ тухай бодох ч үгүй, дурсах ч үгүй байсан манай төр засаг санаачилга гаргаж эхэлсний нэг тод жишээ нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн юм.

Дэлхий нийтийн хөгжил хурдтай явагдахын хэрээр хүмүүс ч бас өөрчлөгдөж байна. Үүнд бид бэлдэхгүй л бол өөрчлөлтийн шуурганд үрэгдэж мэднэ. Эдгээр өөрчлөлтийг илэрхийлдэг нэг том төлөөлөл нь "Аж үйлдвэрийн хувьсгал" юм.

Хамгийн анх Марксизмыг үндэслэгчдийн нэг, германы улс төрийн зүтгэлтэн, гүн ухаантан Ф.Энгельс XVIII зуунд Англид эхэлсэн аж үйлдвэрийн үсрэнгүй дэвшлийг "Аж үйлдвэрийн хувьсгал" гэж нэрлэж байв. Үүнээс хойш ХХ зууны эхэн үед II хувьсгал, сүүл үед III хувьсгал өрнөсөн гэж үздэг. Эдгээр хувьсгалууд хүн төрөлхтөнд асар их үр ашиг өгсөн. Монголчууд бид ч үүнийг хүртэж байна.

Харин зарим өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийн IV хувьсгал өрнөөд эхэлжээ. Энэ удаагийн хувьсгал илүү хурдтай, илүү өөр байна гэдгийг Швейцарийн профессор Клаус Шваб онцолсон байдаг. Мэдээж манай улс IV хувьсгалыг манлайлахад хөгжил дэвшил, эдийн засгийн чадавх дутна. Харин асар хурдтай ирж буй энэ салхинд хохиролгүй үлдэх, "Бүтээлч устгал"-ын /илүү хүчин чадалтай, шинэ технологи гарч ирснээр хуучин аргыг устгах/ аргаар улс орноо хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

"Манай улсад өрнөж буй "Хүнсний хувьсгал" яагаад IV хувьсгалтай холбогдоно гэж" хэмээн олон хүн гайхах байх. Учир нь төрийн тэргүүний санаачилсан энэхүү ажлын гол хөдөлгүүр нь үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид байх юм. Тэднийг дэмжихийн тулд ажиллах боловсон хүчин, шинэ тоног төхөөрөмж, инноваци нэвтрүүлэх, санхүүгээр дэмжих ажлууд яг одоо эхэлчихсэн, хэрэгжиж байна. Тиймээс л бид эх орондоо "Хүнсний хувьсгал"-ыг амжилттай хийж чадвал, цаашлаад "аж үйлдвэрийн хувьсгал"-д бүрэн бэлтгэгдэнэ гэсэн үг.

Бүх зүйл хурдаар хэмжигдэж буй энэ цаг үед манай төрийн байгууллагууд шиг удаан зүйл үлдээгүй мэт. Энэ байдлаараа хөгжил дэвшил гэдэг зүйл монголчуудын зүүдэнд л биелэлээ олно. Харин "Хүнсний хувьсгал" өөр байгааг олон ч үйлдвэрлэгчид гайхан хэлж байна.

2022.05.13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хувьсгалыг дөнгөж санаачилж байсан бол өнөөдөр эрх зүйн баримт бичигтэй болж, 100 гаруй үйлдвэрт Ерөнхийлөгч болон ЕТГ-ын төлөөлөл биечлэн ажиллаж, санал хүсэлтийг нь бодлого шийдвэр болгон, яг одоо бодит ажил болчихсон хэрэгжиж байна. Төрийн байгууллага хурдтай ажиллах боломжтой гэдгийг нэг ёсондоо харуулж буй. Энэ талаараа аж үйлдвэрийн IV хувьсгалтай агаар нэг юм.

Хувьсгалыг нэг хүн, нэг байгууллага дангаараа хийдэггүй. Энэ бол хамтын оролцоо, нэгдэлд тулгуурлан амжилт олдог зүйл. Өнөөдрийн байдлаар "Хүнсний хувьсгал"-д төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хамтарч ажиллахаа илэрхийлээд байна.

Харин Монгол Улсын иргэн та нэгдэхэд бэлэн үү?

"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ЫН БОДИТ ҮР ДҮН:

1. Арилжааны банкууд 3-5 жилийн хугацаатай, жилийн 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөг хүртэлх хөнгөлттэй зээл олгоно.

2. Хүнс үйлдвэрлэлийн салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

3. Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

4. Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

5. Хөнгөн үйлдвэрийн салбарт 107.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

6. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөв.

7. Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөв.

8. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөв.

9. Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлөв.

10. Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.

11. Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.

12. Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөв.

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчдад 500 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.

14. Орон нутагт шилжин суурьшсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.

15. Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулах, санхүүжилт, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, судалгаа шинжилгээг өргөжүүлэх, тариалах технологи боловсруулахад 3 тэрбум төгрөг зарцуулна.

16. 600 сая төгрөгөөр таримлын шинэ сорт бүтээх, нутагшуулах, турших, шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлнэ.

17. Орон нутагт жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахад 1,2 тэрбум төгрөг зарцуулна.

18. 100 мянгаас доошгүй тонн хүнсний болон үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэх, эргэлтийн хөрөнгийн сан бүрдүүлэхэд 35 тэрбум төгрөг зарцуулна.

19. 2 тэрбум төгрөгөөр бэлчээрийн ашиглалт, хамгааллыг сайжруулах, отрын нөөц бэлчээр, усан хангамж, өвс, тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлнэ.

20. Мал, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын сүлжээ бий болгох, загвар хоршоо байгуулахад 1 тэрбум төгрөг зарцуулна.

21. Малын удмын санг хамгаалж, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэхэд 500 сая төгрөг зарцуулна.

22. Махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуй байгуулахад 500 сая төгрөгөөр дэмжинэ.

23. Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг түшиглэн хөгжүүлэхэд 50 сая төгрөг зарцуулна.

24. Нийт мэдрэмтгий мал, амьтныг жилд 2 удаа дархлаажуулахад 41.7 тэрбум төгрөг зарцуулна.

СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА