Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Нийгэм
2023.03.15 14:20
2124
Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгож эхэллээ

Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөс /2023.03.15/ иргэдэд олгож эхэллээ. Анхны Үндэсний энгийн цахим гадаад паспорт эзэд дээрээ очиж буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нээлтийн арга хэмжээ боллоо.

Нээлтийн арга хэмжээг нээж Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэлж, анхны Үндэсний энгийн цахим гадаад паспорт захиалсан иргэдэд цахим паспортыг гардуулан өглөө.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллагын түүхэнд төдийгүй, Монгол улсын хувьд содон, дэвшилттэй өдөр тохиож байна. Монгол улс ИКАО-ын гишүүн орныхоо хувьд ИКАО-ын Нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орж, үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхэлж байна. Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн том ажил бол Монгол улсын иргэдэд Үндэсний энгийн гадаад паспортаас гадна цахим чиптэй гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэн, шинэчлэлт хийх ажил байсан. Мөн бид энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Олон улсын Чингис хаан нисэх буудалд цахим гарцыг нэвтрүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ингэснээр Монгол улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энэхүү цахим гадаад паспортыг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцалгүй, тусгай төхөөрөмжид уншуулан Монгол улсын хилээр нэвтрэх боломжтой болно” гэж цохон тэмдэглэлээ.

Цахим гадаад паспорт нь нийт 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон амьтдын зураг, түүхий гол өвийг хуудасны хавтаст зураглан оруулсан байна. Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгчээ. Нисэх буудлаас гадна гурван боомтод E-Gate төхөөрөмжийг суурилуулж, цахим гадаад паспортоор үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Монгол Улс цахим чиптэй гадаад паспортоор үйлчлэх дэлхий 82 дахь улс орон болж бүртгэгдсэн байна.

Шууд дамжуулалтыг үзэх: