Нийгэм
2023.03.18 11:26
1731
"Монлабел" ХХК үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын Зөвлөх Ч.Даваабаяр 80 гаруй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцаад байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч "Монлабел" ХХК-д ажиллалаа.

"Монлабел" компани нь үндэсний үйлдвэрлэгчдийн, ялангуяа хүнсний үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол, шошгоны өнгө үзэмж, чанарын шаардлагад нийцсэн олон төрлийн материал дээр, олон төрлийн хаяг шошго үйлдвэрлэдэг баялаг бүтээгч юм.

Хэвлэлийн салбартаа анх хаяг, шошго, сав баглаа боодлын хөгжлийн дэлхийн чиг хандлагад нийцсэн, орчин үеийн өндөр технологи, өндөр хүчин чадалтай хэвлэх машин, тоног төхөөрөмжийг Тайван улсын LABELMEN – MACHINERY компаниас оруулж ирэн, бүх төрлийн ус ундаа, архи пиво, вино, гоо сайхны бүтээгдэхүүний шошго үйлдвэрлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг олон төрлийн материал дээр үйлдвэрлэж дотоодын хүнс үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.