Нийгэм
2023.03.21 15:39
3717
Д.Монголхүү ГССҮТ ороогүй нь тогтоогдсон тул хорих эсэх талаар шүүх хурал зарласан

Монгол улсын иргэн Д.Монголхүүд оноосон 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих саналыг прокурорын байгууллагаас гаргасан бөгөөд шүүх хурал энэ сарын 20-нд товлогдоод байсан ч ирэх сарын 3 хүртэл хойшлууллаа. Түүнийг эрүүгийн хуулийн 23,1 дэх заалтаар буюу хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн үндэслэлээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оноосон билээ. Тэгвэл түүнийг зорчих бүсээсээ гарсан, эрүүл мэндийн шалтгаанаар ГССҮТ-д үзүүлнэ гэсэн ч худал гэдэг нь батлагдсан тул хорих ялыг хэрэгжүүлнэ хэмээн НПГ-аас мэдээлээд байгаа юм.

Тодруулбал албаныхны өгч байгаа мэдээллээр: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “2020 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эгэм хадуулах хагалгаанд орсон. Одоо зовуурь илрээд байгаа тул очиж үзүүлэх шаардлагатай байна” гэсэн хүсэлтийг Д.Монголхүү гаргасан. Түүний хүсэлтийн дагуу холбогдох хууль, журмын дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт санал хүргүүлж, хяналтын прокуророос Д.Монголхүүг Гэмтэл согог судлалын төв хүртэл зорчих бүсийг тогтоож өгч энэ талаар өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч прокурорын байгууллагаас тогтоосон маршрутаас өөр замаар зорчиж, тогтоосон маршрутыг зөрчсөн. Нэг үгээр хэлбэл тэрээр ГССҮТ ороогүй гэдэг нь эмнэлгийн цахим бүртгэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл , өөрийнх нь тайлбараар тогтоогдсон тул ийнхүү ялын арга хэмжээг өөрчлөх шийдвэр гаргасан гэлээ.  Харин иргэн Д.Монголхүү эмнэлэг орчихоод буцах замдаа замаа товчилсоноос үүдэн прокурор ийм шийдвэр гаргалаа хэмээн өөрийн цахим хаягаар мэдэгдээд байгаа билээ.