Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2023.03.22 17:40
4155
Ж.Сүхбаатар: Бид 2024 онд түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавиад ажиллаж байгаа

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар танилцууллаа.

Ж.Сүхбаатар: Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайд, БХБ-ын сайд бид хэд "Сэлбэ сэргэлт" төслийн асуудлыг гаргаж тавьж байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын ая тухтай орчин, тохижилт, түгжрэл саатлыг арилгах олон боломжтой гэж үзэж байгаа. 2023 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр энэ ажлыг санхүүжүүлэх, явуулах боломжийг судах судлах үүргийг Хотын дарга болон сайд нарт даалгаж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Бид 2024 онд түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавиад ажиллаж байгаа.

Ямар ч байсан бид ирэх жилийн өвөлд бэлдэж байна. Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн салбар хамгийн доод уналтын цэгтээ хүрснийг мэдэрсэн. Хамгийн түгшүүртэй нь автобуснуудын ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан гэх мэт асуудлууд байсан. Ирэх жилийн өвөл энэ байдлыг давтагдуулахгүй байх үүднээс бид ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн эхний үе шатын хүрээнд сургуулийн автобусыг оролцуулаад үзвэл 400 гаруй автобус шинээр оруулж ирсэн байна. Цахилгаан автобусны 87-г ирэх есдүгээр сарын 1-нд оруулж ирнэ, эко автобусыг намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байна.

Мөн түгжрэлийг бууруулах үүднээс Зайсан болон Яармагийн тойрог замын хөдөлгөөнийг өөрчилсөн нь 37 хувиар сайжирсан үр дүн гарсан. Цаашдаа олон ч арга хэмжээ авна. Энэ зун томоохон туршилтууд хийгдэнэ. Их, Бага тойруугийн замын хөдөлгөөнд дээрх байдлаар өөрчлөлт оруулж, туршина.

Франц улстай тохирсон тул дүүжин тээврийн ажлыг гүйцээж, дуусгана. Ирэх 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна. Мөн BRT төсөл хурдан хугацаанд хэрэгжих боломжтой байна. Мөн зарим автозамын гэрлэн дохионы асалт, унтралтад тохируулга хийж, хэт удаан асдаг гэрлэн дохионд өөрчлөлт оруулсан.