УИХ
2023.04.05 18:16
4758
30 мянган хүнийг ажлын байртай болгох Эмээлт эко паркыг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд үндэсний үйлдвэрлэгч Булигаар ХК болон “Бэст Шүес” ХХК-д ажиллалаа.

Булигаар компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг бөгөөд үндсэн хэрэглэгчид нь Монгол улсын гутлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд. Үүнд “Бэст шүес” ХХК ч багтана. Тус компани дэлхийн шилдэг техник технологиор чанартай бөгөөд хямд гутал үйлдвэрлэж, олон хүнийг ажлын байраар хангаж байна.

1960-1980 он хүртэл монголын арьс шир дэлхийд чанараараа  дээгүүрт ордог байсан бол одоо олон улсын зах зээл дээр муу гэсэн ангилалд шилжжээ. Иймд тус салбарыг сэргээх эмээлт эко парк ашиглалтад орох ажил идэвхтэй өрнөж байна.

Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 28 арьс ширний үйлдвэр байдаг. Гэвч эдгээрээс дөнгөж 5 нь л үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд Харгиа цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөл байдал  хамгийн их нөлөөлсөн. Тус асуудлыг шийдэхээр арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос 25 км зайд Эмээлт эко парк байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.

Дэлхийн жишигт нийцсэн стандарттай, эдийн засгийн таатай байршилд байрлах Эмээлт эко паркыг барихад зориулж нийслэлээс 518 га газрыг Эмээлт-Аргалантад олгосон байна. Уг парк ашиглалтад орсноор монголын суурь үйлдвэрлэлийн салбар болсон арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь бий болно гэж үзжээ. Мөн 30 мянга орчим хүн ажлын байртай болох судалгаа хийгдсэн байна.