Нийгэм
2023.05.08 12:38
3594
Монголчууд дотоодын хэрэгцээгээ нарийн ногоогоор хангах бүрэн боломжтой

Эх орныхоо хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилгоор орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах Газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ЕТГ-ын Референт А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал, Хаан банкны Бизнес төв хариуцсан менежер Б.Эрдэнэсүрэн нар тус 19 нэр төрөлд багтсан хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

"Тайванбадрах" ХХК , "Түмэн сүйх" ХХК, "Нэйшнл бизнес маркет" ХХК, "Бялхам Ивээл" ХХК-иуд Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ төлөөлөн салбарын нөхцөл байдал болон эрхэлж буй аж ахуйгаа холбогдох албаны хүмүүст танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Үүнд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 гектар хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 гектар өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах тухай заасан байдаг. Иймд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид "Хүнсний хувьсгал"-д томоохон ач холбогдол өгч байна.

Монголд дийлэнхдээ зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа нь бусад улиралд импортын хамааралд орох гол шалтгаан болж байна. Иймд аль болох дөрвөн улиралын хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, энэ төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлж чадвал дотоодын хэрэгцээгээ нарийн ногоогоор бүрэн хангах боломжтой гэв.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хувьд импортоор орж ирсэн ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хүндрэлтэй байдаг. Гаднын халуун дулаан, чийглэг уур амьсгалтай улс орнуудтай харьцуулахад өндөр зардал гардаг.

Одоогийн төрийн тэргүүн Ерөнхий сайд байхдаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг тог цахилгааны төлбөрөөс чөлөөлсөн нь энэ салбарын хөгжилд том түлхэц, дэмжлэг болж байсныг тэд дурссан юм.

Мөн хүлэмжийн аж ахуйн салбар гэлтгүй газар тариалангийн салбарын хүрээнд монголд ургуулах боломжтой жимс, хүнсний ногоо, бусад ашигт таримлын хангамжийг нэмэгдүүлж монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг дээшлүүлэх, тариалан эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг тасралтгүй сайжруулах, тариалах талбайд усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.