Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.12 12:01
5844
Хүүхдүүдийг эцэг, эхтэй үгүйгээр нь ялгаварлан гадуурхсан "МИА"-т!
"МИАТ" ТӨХК нь Эх үрсийн баяр, сурагчдын зуны амралтыг тохиолдуулан Улаанбаатар-Хогконг, Бээжин, Гуанжоу-Улаанбаатар чиглэлүүдэд гэр бүлийн урамшууллыг зарлаж, "Гэр бүлээрээ зорчих тохиолдолд 0-16 насны хүүхдүүдэд нислэгийн тийз үнэгүй" гэх сурталчилгааг өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдсэн. 
 
Уг урамшууллыг иргэд ихээхэн талархууштай хүлээн авсан ч харамсалтай нь үндэсний томоохон компани хүүхдүүдийг аав, ээжтэй үгүйгээр нь ялгаварлан гадуурхаж орхив!
 
 
Тодруулбал, уг мэдэгдлийн дагуу нэгэн иргэн "МИАТ"-ын холбогдох дугаар луу нь залгаж асуутал уг хөнгөлөлтөнд зөвхөн аав ээжтэй хүүхэд хамрагдах талаар дуулгажээ. Өнчин өрөөсөн эс бөгөөс эцэг эхийн аль нэг нь хүүхдээ асран хамгаалдаг бол тухайн хөнгөлөлтийг бодоод ч нэмэргүй юм байна.
Ганц бие эцэг, эхийн хүүхдүүд ч бусадтай адил тэгш боломжоор зорчих эрхтэй эрхэм "МИА"-тынхаан? 
 
Үндэсний агаарын тээврийн томоохон компани нь ингэж хүүхдийг эцэг эхтэй үгүйгээр нь ялгаварлах нь хэр зохистой вэ? Эсвэл уг рекламнаасаа "гэр бүл" гэсэн хуурамч үгээ авч хаяж "зөвхөн эцэг эхтэй хүүхэд хөнгөлөлттэй үнээр зорчино" болгоно уу!
 
Агуулгаар нь аваад үзсэн ч "гэр бүлээрээ зорчих тохиолдолд үнэгүй" гэсэн нь л маш том гадуурхал юм! "Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой бүлэг хүмүүсийг хэлнэ" гэдгийг МИАТ-ынхан хараахан ойлгоогүй бололтой!
 
Бид уг асуудлаар эх сурвалжаас тодруулахад асуудал үүсээд эхэлмэгц МИАТ уг нөхцөлөө өөрчилсөн гэсэн мэдээллийг өгч буй юм!