Нийгэм
2023.05.13 11:08
2394
"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид туршлага судалж байна

"Монгол Улс стратегийн бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, "Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон" болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчийн зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй. Иймд төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэж байв. https://hunsniihuvisgal.mn/post/54963

Төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн "Хүнсний хувьсгал" болон эрчимтэй өргөжиж буй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид төр засагтайгаа төдийгүй өөр хоорондоо хамтран уялдаа холбоотой ажиллах нь чухал. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас үндэсний үйлдвэрлэгчдийг мэдээллээр хангах, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр /2023.05.13/ үндэсний үйдвэрлэгчдийн "Баялаг бүтээгч-Business" тур 4 дэх удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэгчид үндэсний томоохон үйлдвэрүүд болох Ханбогд Кашимер" ХХК, "Талх Чихэр" ХК, "Апу Дэйри" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм.

Энэхүү арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, арилжааны банкууд, үйлдвэрлэгчдийг татан оролцуулсан томоохон арга хэмжээ болон өргөжиж байна. Тодруулбал,

"Баялаг бүтээгч-Business" тур аялалд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа,
  • НҮБ-ын ХХААБ-ын Хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Анударь,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
  • Төрийн Банкны Байгууллагын банкны зээлийн судалгааны хэлтсийн захирал Л.Амараа,
  • Жайка олон улсын байгууллагын Төслийн зохицуулагч Ж.Түвшинтөгс нарын албаны хүмүүс болон 50 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч болон ЕТГ нийтдээ 120 орчим үндэсний үйлдвэрт ажиллаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлээд байна . Үүнээс 50 орчим үйлдвэрт нь төрийн тэргүүн биечлэн очиж ажилласан. Төрийн тэргүүний танилцсан үйлдвэрүүдтэй төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, арилжааны банкууд, үндэсний үйлдвэрлэгчид танилцаж, туршлага судалж байгаагаараа энэхүү арга хэмжээ онцлог давуу талтай юм. Мөн үйлдвэрлэгчид хоорондоо үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд чухал алхам болно.

Сар бүр тогтмол зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь сонирхсон хувь хүн болон албан байгууллагуудад нээлттэй тул 99444444 утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой.