Нийгэм
2023.05.17 14:12
2294
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” компанийн 100 хувь автомат үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ "Улаанбаатар гурил" компанийн 100 хувь автомат үйлдвэрт ажиллалаа.

Өнөөдөр /2023-05-16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад албаны хүмүүсийн хамтаар Дархан-Уул аймагт ажиллав.

Ажлын эхэнд Монгол Улсын гурилын хэрэгцээний 33 хувийг нийлүүлдэг "Улаанбаатар гурил" компанийн 100 хувь автомат, эко үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар гурил компани нь 2001 онд анх 70 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжин, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тус компани нь 21 аймагт байрлах 4,000 харилцагчдаар дамжуулан эрүүл мэндийн болон үндсэн ангилал бүхий 10 гаруй гурил, дайвар бүтээгдэхүүнийг Монгол орон даяар зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод" шилжих суурь реформын хүрээнд "100 жил–10 зорилт" хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын 10 зорилтын 1 нь "Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох" юм.

Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" хөдөлгөөнийг эхлүүлсэн. "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК нэгдэж байгаагаа илэрхийллээ.