Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Улс төр
2023.05.19 10:53
3250
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийнэ.

Нэг танхимтай парламентын 152 гишүүний 76-г тойргоос, 76-г намын нэрсийн жагсаалтаас сонгодог болох тухай Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ нэг дэх хэлэлцүүлгээрээ дэмжсэн боловч завсарлагааны 7 хоногт тойрогтоо очиж танилцуулсан гишүүд энэ тоог хэлээд сонгогчиддоо загнуулжээ.

Ингээд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намынхан улс төрийн байр сууриа өчигдөр, өнөөдөр хоёр нэгтгэж гишүүдийн тоог 126 байхаар, ингэхдээ 76-г нь тойргоос, 50-ыг нь намын жагсаалтаар сонгох тогтсоноо өчигдөр мэдээллээ.

75, 76, 108, 152, 126...

Өнөөгийн дөрөв дэх Үндсэн хуулийг боловсруулсан ажлын хэсэг “парламентыг 75 гишүүнтэй байх”-аар бичиж оруулж ирснийг БНМАУ-ын Улсын Бага хурал 1991 оны тавдугаар сард хэлэлцээд дэмжиж байжээ. Дөрөв дэх Үндсэн хуулийн дөрөв дэх төслийг 76 өдөр хэлэлцэж Ардчилсан Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг “76” болгож баталснаас хойшхи 30 жилд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх төсөл хоёр дахь удаагаа орж ирж байна.

Эхнийх нь, 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан ҮХНӨ-ийн “УИХ нь нэг танхимтай, 108 гишүүнтэй байх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорционал тогтолцоогоор сонгоно” гэсэн заалт. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан ҮХНӨ-ийн төсөлд гаргасан “зарчмын зөрүүтэй санал” хэмээн үзэж нэгтгэсэн. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 69 гишүүний 41 нь буюу 59.4 хувь нь дэмжсэн боловч оролцсон гишүүдийн 3/4 саналд хүрээгүй тул хасагдсан. 2019 оноос хойш найман жил өнгөрөөгүй байгаа.

1992 оны Үндсэн хуулийг боловсруулахаас өдийг хүртэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санаачилгыг улстөрчид, судлаачид, намууд олон удаа тавьж байсан.

Гэхдээ Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй.

Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ. Одоогийн байдлаар 126 гишүүн дээр тогтож байна. Гадуур бол сэтгүүлчид “126 дээр барихын тулд 152 гэж өндөр зарласан” гэж ярьж байна лээ. 152 бол куб язгуурын аргаар гаргасан олон улсад хэрэглэдэг аргачлал. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэл, тооцоотой.

Харин 126 ямар аргаар гаргаж ирсэн тоо юм бол доо. 76 гишүүн одоогийн 3.4 сая хүн амыг төлөөлөхөд нэг гишүүнд 45.4 мянган иргэн оногдож байгаа бол 126 гишүүнтэй болоход 27.4 мянган иргэнийг төлөөлөх нь ээ.

1992 онд Үндсэн хууль баталж байхад нэг гишүүн 20 мянгаас 30 мянган иргэн төлөөлөхөөр тооцож байсан тооцоолол дээр 126 тохирч байна. Гишүүдийн тоо нэмэгдэхээр УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийг яаралтай өөрчлөх шаардлага гарах тухай өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байна.

Тэрээр, “Нэгдсэн чуулган, байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн болгон үг хэлэхийг болиулна. Бүлэг төлөөлж, дэд хороо, Байнгын хороо төлөөлж л үг хэлнэ. Ингэж хувийн улстөр хийдэг, популизм хийдэг явдлыг арилгана” гэж байсан.

 

1992-2002 оны сонгуулийн тогтолцоо

Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш манай улс 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд нийт 8 удаа УИХ-ын сонгууль явуулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 1992, 2005, 2011, 2015, 2019 онуудад шинэчилж баталсан. Харин сонгуулийн тогтолцоог 1992, 1996, 2008, 2012, 2015, 2016, 2019 онуудад өөрчилж байсан буюу сонгууль бүрийн өмнө өөрчилж иржээ. Ердөө 2000, 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, манай улс сонгуулийн аль ч тогтолцоог туршаад үзчихсэн, үр дагаврыг нь харчихсан. Иймээс эрдэмтдийн судалгаанд үндэслэн улс төрийн намууд зөвшилцөж Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоогоо нэгмөсөн бичихийг илүүд үзэж байгаа бололтой. Судлаачид сонгуулийн тогтолцооны үр дүнг ингэж дүгнэсэн байдаг.

- 1992 оны УИХ-ын сонгууль нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу явагдсан анхны сонгууль байлаа. 1992 оны сонгууль олон мандаттай мажоритар системээр, тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор явагдсан. 1992 оны сонгуульд МАХН УИХ-д үнэмлэхүй олонх болсноор Засгийн газрыг дангаараа бүрдүүлсэн.

- 1996 оны УИХ-ын сонгууль нь цэвэр мажоритар системээр явагдсан ба түүний үр дүнд Ардчилсан Холбоо эвсэл парламентын олонх болж Засгийн газрыг “Ардчилсан Холбоо” Эвсэлд багтсан МҮАН, МСДН-ын гишүүд бүрдүүлсэн билээ. 2000 оны УИХ-ын сонгууль мөн цэвэр мажоритар системээр явагдсан бөгөөд энэ сонгуульд МАХН үнэмлэхүй олонх болж Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. УИХ-ын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвслээс нэр дэвшигчийн тоо 2 дахин илүү байсан.

- 2004 оны УИХ-ын сонгууль өмнөх хоёр сонгуулийн нэгэн адил мажоритар системээр явагдсан ба тус парламентын сонгуульд аль ч нам олонх болоогүй учраас хамтарсан Засгийн газрыг МАХН болон Эвсэлд багтсан намын төлөөллөөс бүрдүүлсэн билээ.

- 2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог 2005 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар, 1992 оны сонгуулийн тогтолцооны загвараар (мажоритар системээр олон мандаттай тойрогт) явуулсан. Гэхдээ сонгогч мандатын тоогоор бус өөрийн хүсэлтээр хэд хэдэн нэр дэвшигчид санал өгөх эрхтэй болсон байна. Энэхүү сонгуульд МАХН олонх болсон хэдий ч тухайн үеийн нийгэм-улс төрийн нөхцөл байдлын улмаас хамтарсан Засгийн газар байгуулагдсан.

- 2012 оны УИХ-ын сонгууль нь 2011 онд шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явагдсан. Шинээр батлагдсан сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 26 тойргоос 48 гишүүнийг олонхыг төлөөлөх (мажоритар) тогтолцоогоор, 28 гишүүнийг намын жагсаалтаар пропорционал тогтолцоогоор сонгосон. Үүний үр дүнд гадаад дахь Монгол Улсын иргэд анх удаагаа сонгуульд саналаа өгөх боломжтой болсон. Тус сонгууль нь шинэ тогтолцоо, автоматжуулсан хэлбэрээр явагдсанаараа онцлог болсон.

- 2016 оны УИХ-ын сонгууль 2015 онд батлагдсан шинэ Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг мандаттай тойрог бүхий олонхыг төлөөлөх (мажоритар) тогтолцоогоор явагдсан. Үр дүнд нь гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд аль нэг тойрогт харьяалагдахгүй болсны улмаас санал өгөх боломжгүй болсон.

- 2020 оны УИХ-ын сонгууль 2019 онд батлагдсан шинэ Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу томсгосон тойрог бүхий олонхыг төлөөлөх (мажоритар) тогтолцоогоор явагдсан. Сонгогч мандатын тооноос хамаарч 2-3 санал өгч, хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгосон.

Г.УЛСБОЛД