Баялаг бүтээгч
2023.05.23 17:58
3083
Чингэлтэй дүүргийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн IV зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Чингэлтэй дүүрэг 2023 оныг ЖДҮҮ-г дэмжих жил болгон, олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 4-р зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Хүний хувцасны хэрэглээний 70 хувь нь оёмол бүтээгдэхүүн байдаг. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, нийгмийн бага болон дундаж орлоготой иргэдэд ажлын байр бий болгодог. Иймд Чингэлтэй дүүргийн удирдлагууд тус салбарын ажилчдыг дэмжин ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан болон "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Чингэлтэй дүүргийн салбар хорооны дарга Ж.Оюунчимэг нар оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын тухай илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өглөө.

Чингэлтэй дүүрэгт 849 өрхийн үйлдвэрлэгч, 55 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 500 гаруй иргэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр иргэдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь тус зөвлөгөөний нэг зорилго юм.

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамтран кластарт шилжсэнээр импортын хэрэглээг бууруулж, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэх юм.

Тус дүүрэг жижиг, дунд өрхийн үйлдвэрлэгчдийг зөөврийн ажлын байраар хангах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, бараа бүтэээгдэхүүний борлууулалтыг дэмжин борлуулалтын цэгүүдийгхудалдааны төвүүдэд ажиллуулан, хамтын ажиллагаатай улс, хот, дүүргүүдийн үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн ур чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, уралдаан тэмцээн зрщохион байгуулах гэх мэт олон ажил зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  “өртгийн сүлжээний кластер байгуулж, зохион байгуулалттай ажлын байр бий болгох төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбоно” гэсэн бодлоготой нийцэж буй юм.