Улс төр
2023.05.30 08:51
14162
Нийгмийн хүлээлт ба 126 гишүүнтэй болсноор бид юу хожих вэ?

Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, ирээдүйн 30 жилийн ололтыг бататгах зорилготой Үндсэн хуульд оруулах өөрчлөлт буюу УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг өнөөдөр улс төрийн намууд эцэслэн тохирч, энэ долоо хоногт багтаан гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар болов. Сар гаруйн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж, санал шүүмжлэл дундуур туучиж гарсан эцсийн хувилбарыг нэгтгэн базчих бололтой юм.

Анх яригдсан 156-гаас 126 руу гулссан гишүүдийн тоо, тойргийн буюу мажоритар тогтолцооны 76, намын жагсаалтын 50 буюу 60:40  гэсэн хувилбарыг эцэслэх үү, эсвэл дахиад тоог нь багасгах уу гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлын шийдвэр эцэслэж өгөх билээ.

Өнгөрсөн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлэх явцад иргэдийн зүгээс тогтолцоо, тоо хоёрыг өөрчлөх ёстой бол тодорхой хэдэн шалгуур хангах ёстойг хүсэж байлаа. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуур, шалтгааныг хангаж чадахгүй л бол тоо, тогтолцоог оролдох шаардлагагүй хэмээснийг эргэн сануулъя. Тэгвэл эрх баригчид хийгээд улс төрийн намууд эдгээр шалгуурыг бүрэн хангаж өгсөн үү гэдгийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хамтдаа эргэж нэг харцгаая. 

Нэгдүгээрт, эрх мэдлийн төвлөрөл буурах. УИХ-ын гишүүний нэг кнопны төлөө зарцуулж байсан унаа, байр, машин, хууль боловсруулах, батлуулах зардлыг багасгах.

-Хуулийн төсөлд, 126 хүний зардал, орон байрны тоог нэмэхгүй санхүүг зөв зохистой хуваарилснаар УИХ-ын гишүүн болчихвол хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу ойлголтыг арилгана гэв. Төрийн ордон шинээр барихгүй. Албан байрандаа, ажлын чиг үүргээ хуваарилаад ажиллана, тэд. Кноп худалдаж авдаг, гишүүд кнопоо үнэлж байна гэх хардлагыг байхгүй болгоно.

Өөрөөр хэлбэл, эрх ашигт хүлэгдсэн цөөн тооны улстөрчид төр, хууль хоёроор “тоглохгүй” хэмээн хуульдаа тусгажээ. Нэг улстөрч 45 мянган иргэнийг төлөөлж байгаа бол тоо нэмэгдсэнээр 28 мянга болж буурахаас гадна, тойргийн төлөөлөл иргэндээ илүү ойртож очно гэсэн нийгмийн хүлээлтийг хангажээ.

Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруулалтад зарцуулагдана гэсэн эерэг хүлээлт.

-Хуулийн төсөлд, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарч эхлэхэд л УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тойрог төлөөлөх улстөрчийн тоог нэмэхгүй бас хасахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Түүндээ ч хүрч чадлаа. Учир нь Монгол Улс тархай бутархай, өргөн уудам газар нутагт амьдардаг хүмүүс. 21 аймаг, 360 гаруй суманд амьдарч буй хоёр сая гаруй иргэнийг 76 тойрогт хуваагдсан улстөрчид төлөөлөх нь зүй ёсны шаардлага. Тэд газар нутгийн төлөөлөл болж ажиллана гэж ойлгоход гэмгүй. Гэхдээ улсын төсвийг 76 хэсэгт хувааж тарамддаг, эдийн засгийн нэн чухал хуулийн төслийг хөдөлгөх зардалгүй болтлоо төсвийн бялууг зүсэж байсан 30 жилийн алдааг дахиад давтахгүйн тулд пропорциональ буюу намын жагсаалтыг оруулж ирэх шаардлага бий болсон. Нэг үгээр хэлбэл, нийгмийн хүлээлт юм. Одоо яригдаж буй хувилбараас харвал, намын жагсаалтаар орж ирэх 50 улстөрч зөвхөн улс орны хөгжлийн том зургаар харж ажиллах буюу нийгмийн бүлэг, бүлгийн төлөөлөл болж ажиллана. Өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. Үүний шалтгаан нь том зургаар төсвөө зарцуулж, том төслүүдээ анхаарч ажиллаж чадаагүйн гай. Тиймээс эдгээр 50 хүн чинь хувийн тоглолт хийхгүй, том зургаар улс орны хөгжлийн төлөө ажиллах нь ээ.

Гуравдугаарт, парламентын дархлаа буюу нэр хүндийг сэргээх.

-Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд, эрүүл парламент бүрдүүлэх амлалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. Түүний хувьд тухайд маш олон жил парламентын дархлааны асуудлыг хөндөж буй цөөхөн улстөрчийн нэг. Өөрөөр хэлбэл, хууль батлахад гишүүд илүү олуулаа байх, Байнгын хороо болон Их хурлын ирц чанартай байх, тэр хэрээр чанартай хууль батлагдах, дагаад парламентын нэр хүнд өсөх, сонгодог парламент буюу эрүүл мэтгэлцээнээс эрүүл хууль төрдөг байх зарчмыг шаардаж, УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа ч энэ зарчмыг шаардаж ирсэн. Тиймдээ ч хэн нэг улстөрч дураар, дангаар хууль өргөн барьдгийг болиулж, олон нийтээр хэлэлцүүлдэг, иргэний нийгмийн болон иргэдийн саналыг авдаг, өргөн хүрээнд хэлэлцүүлдэг шинэ жишгийг энэ парламентад бий болгож чадсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор энэхүү эрүүл зарчмаа илүү боловсронгуй болгож, хадгална хэмээв. Байнгын хорооны хуралд тавуулаа суугаад хууль баталдаг, хэлэлцдэг бус 10-20-уулаа ирцээ бүрдүүлдэг, УИХ-ын чуулганд  20-уулаа суудаг бус 50-аас дээш гишүүнтэй байж хуралддаг зарчим Их хуралд үйлчилнэ. УИХ-ын гишүүд ч нөлөөлөлд автахгүй гэх баталгааг тэд хэлж байна.

Дөрөвдүгээрт, төлөөллийн зарчим буюу залуус, ахмад, дунд үе, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх шаардлага.

-Хуулийн төсөлд, намын жагсаалтаар оруулж ирэх 50 улстөрчид хатуу шалгуур тавина гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөрхөн амлалаа. Бусад улс төрийн намууд ч тэр шаардлагаас хол зөрж чадахгүй.

Угтаа, намын жагсаалтын дор хууль бус авлига, албан тушаалын наймаа, хулгайтай холбогдсон нэг ч хүнийг багтаахгүй гэх амлалтыг тэд өглөө. Үүнээс гадна хүйсийн харилцааг 1:1 байлгах, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаачдаа төрд оруулж ирэхэд энэ жагсаалтыг ашиглана гэсэн амлалт тус, тус өгчээ.

...Товчхондоо, иргэдийн хүлээлт, хэлэлцүүлгийн явцад хүссэн зүйл заалтуудыг нэгбүрчлэн шигтгэж өгсөн учраас энэхүү төсөл ус, тосыг нь ялгаж, шүүрдэж тунгаасан, өмнөх алдааг дахин давтахгүй, дордуулсан бус дээрдүүлсэн өөрчлөлт болох нь ээ хэмээн найдаж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, татвар төлж яваа баялаг бүтээгчид ч эрх мэдлийн хуваарилалтыг жигд хийх нийгмийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, УИХ-ыг долоо хэмжиж нэг огтлоосой хэмээн хүсэж буйгаа дуулгаж эхэллээ. Тухайлбал, “МАК” группыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Нямтайшир “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тооцох аргачлал байдаг. Тэрхүү аргачлалаар, мөн ирээдүйн хүн амын өсөлттэй уялдуулж тогтоох хэрэгтэй. Тодорхой хэдэн жилийн дараа ахиад гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярих бус одоо зүй зохистой хийх хэрэгтэй” хэмээжээ.

Дэлхийн улс орнуудад нэн түгээмэл ашигладаг куб язгуурын арга буюу хүн амын тоонд үндэслэн УИХ-ын гишүүдийн тоог тогтоож ирсэн, хүн ам ойролцоо улс орнуудын маш олон жишээг уншиж судалсны үндсэн дээр 100-гаас илүү УИХ-ын гишүүдтэй байх хувилбарыг боловсруулсан гэдгээ Х.Нямбаатар сайд хэлж байлаа.

Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд Монгол Улсын хүн ам таван сая хүрэхэд дахиад л гишүүдийнхээ тоог нэмье гэж хуулиа оролдож суухгүйн тулд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ард түмний хүсээд байгаа шиг байсхийгээд л тоо, тогтолцоо хоёроор “наадах”-гүйн тулд нийгмийн дуу хоолойг сонсож, хүлээлтийг нь ч ёсчилж, энэхүү өөрчлөлт хийгдэж, гараанаас амжилттай урагшлах эхлэл тавигджээ. Энэ хэвээр батлагдаж чадвал ирээдүйн 30 жилд бид их олон зүйлд өөрчлөлт, шинэчлэлт авчрах нь ээ.