Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.05 09:19
1938
Ц.Гантулга: “Эрдэнэс тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд бүрэн өмчлүүлэх шаардлагатай

ШИНЭ намаас дэвшүүлж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх санаачилгынх нь талаар тус намын дарга Ц.Гантулгатай ярилцлаа.

-Аливаа улс төрийн намын зорилго бол төрийн бодлогыг тодорхойлох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд өрсөлдөх юм. Монгол Улсад өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй гуч гаруй нам байгаа ч бодлогын хувилбар боловсруулдаг, ярьдаг нь бараг үгүй. Тэгвэл ШИНЭ намын танилцуулах гэж буй баялгийн хувьсгал буюу “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх арга зам, уриалгыг төрийн бодлогын нэг хувилбар гэж ойлгож болох уу?

-Улс төрийн намууд гэдэгт үндсэндээ сүүлийн 30 жил төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн хоёр намыг л ойлгох хэмжээнд хүртлээ бид асуудлыг жижиг тойргоор харж ирлээ. Хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн хуультай, хоёр нам нь сүүлдээ бодлого ярьдаг биш албан тушаал, суудал ярьдаг, хулгай хийдэг мафи маягийн төртэй болсноор монголчуудын амьдрал өнөөдөр байж боломгүйгээр доройтсон. Байж боломгүй гэж хэлэхийн учир нь монголчууд өнөөдрийнхөөс өөр түвшинд амьдрах хангалттай нөөц бололцоотой баян орон юм.

Төрийн мэдэлд гэх нэрийн дор төр барьж буй намын эрх мэдэлтнүүдийн баяжиж хөрөнгөжих үүц болж хувирсан ашигт малтмалын баялгийн захиран зарцуулах эрх, тэндээс хувь эзэмших бололцоог улс төрийн шийдвэрээр хааж ирсэн өнөөдрийн тогтолцоог өөрчлөхөд л бид ядуурлаас гараад зогсохгүй баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой. Хүн ам нь баян чинээлэг, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд манайхаас илүү их баялагтайдаа тийм түвшинд хүрсэн юм биш. Зөвхөн ухаалаг бодлогоор тийм хөгжилд хүрсэн. Өнөөдрийг хүртэл баялгийг ард түмэнд хүртээлгүй, зөвхөн төсвийг татвараар тэтгэдэг ердийн нэг компани, бизнесийн түвшинд авч үзэж ирсэн энэ нөхцөл байдлыг өөрчлөх ёстой. Дагаад маш олон зүйл өөрчлөгдөнө. Үүнийг бүгд л мэддэг, ярьдаг боловч харин яаж хийх вэ гэдэг бодлого, арга замыг эрх баригчид зориуд хэрэгжүүлээгүй. Үүнийг л улс төрийн намууд бодлогоор хийх ёстой байсан. Өнөөдөр эрх барьж буй улс төрийн нам ч бодлого, зорилгоо болгохгүй байна. Асар их баялгийг хэдхэн компани эзэмшиж байна. Улсын төсвийг хэдхэн компани, улстөрчид өөрсдийн эргэлтийн хөрөнгө, идэш уушаа болгож байна. Яаж улсаа тонодог вэ гэдгийг илчилж, өдөр бүр хулгайчдыг зарлаж байгаа нь сайн хэрэг ч ард иргэдийг бухимдал, хорсолд хүргэхээс өөр үр дагавар алга.

Одоо энэ төрийн нэр дорх дээрэм, тонуулын схемийг бүрэн нураахуйц бодлого, шийдвэр хэрэгтэй байна. Үүнийг өөрчилье гэдэг зорилгыг манай нам тавьж, судлаач, эрдэмтэн шинжээчдийн баг бүхий бүрэлдэхүүнээр бодлого боловсруулсан юм. Өнөөдөр судалгаа, шинжилгээ, бодлого боловсруулдаг улс төрийн нам огт алга гэхэд хилсдэхгүй. Үндсэн хууль болон сонгуулийн системийг өөрчилж, бусад намууд парламентад суудалтай болох бололцоо нэмэгдэж байгаа юм бол одоо намууд ажлаа хийх хэрэгтэй. Тийм ч учраас ШИНЭ нам “Тавантолгойг  авах уу, алдах уу” лекцийг зохион байгуулж, ард иргэдэд өөрсдийн бодлогын талаар мэдээлэл, ойлголт хүргэхээр ажиллаж байна.

-Сонгуульд ялалт байгуулаагүй, тэрчлэн суудал аваагүй, ер нь тийм шаансгүй улс төрийн намууд хүний нөөцийн хувьд бэхжиж чаддаггүй. Шуудхан хэлэхэд судалгаа хийх, бодлого боловсруулах хэмжээний хүний нөөцгүй байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Харин танай намын хувьд сонгуулийн бус үед бодлогын шинжилгээнд төвлөрч байгаа юм байна. Хэр итгэл үнэмшил төрүүлэхүйц үндэслэл гаргаж ирсэн бэ?

-Төрийн ордны гадна талд ажиллаж байгаа намуудын нэг давуу тал нь бялуу горьдсон нөхдүүд биш жинхэнэ улс орны төлөө санаа зовнидог, улсаа өөрчлөхийн төлөө мэдлэг, чадвараа зориулья гэдэг эх орончдын нэгдэл байдаг.  Бодлогыг зөвхөн хоёр нам хийж чаддаг гэдэг хэвшмэл сэтгэлгээнээсээ бид гарах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээг С.Баярцогтоос өөр хүн ойлгохгүй гэдэг пиар хийгээд гэрээг нууцалж явсан тэр цаг үе одоо өнгөрсөн шүү дээ. Нээлттэй мэдээллийг хэн ч уншаад ойлгож чаддаг, боловсруулаад анализ шинжилгээ хийж чаддагийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай намаас дэвшүүлж буй бодлого, үзэл санааны ард олон арван шилдэг мэргэжилтнүүд, судлаачид ажилласан. Тоо, баримт бүрийнхээ ард нотолгоо хийж, хамгаалж чадна. Мөн хариуцлагыг нь ч хүлээж чадах ухамсар бүхий хүмүүс ажиллаж байна.

Сонгуульд зориулсан богино зайны худлаа яриагаар улс орон хөгждөггүй, үүний ард бүгд хохирдгийг бидэнд сүүлийн гучин жил нотолж харууллаа. Яагаад тэр алдааг давтах гэж? Бүгд худалч, хулгайч болчихоогүй байна шүү дээ. Баялгийн өгөөжийг яаж иргэдийн амьдрал руу оруулдаг, яаж нийгмийн сайн сайханд шингээдгийг хөгжилтэй улс орнууд нүдэн дээр нотолж харуулаад байхад тэд л чаддаг, бид чаддаггүй гэдэг сул дорой байдлаасаа одоо салцгаая. Өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Гадны зөвлөх авчраад төсвөө захиран зарцуулах, төрийн болон төсвийн ажилчдынхаа цалинг ч нэмж чадахгүй бол өөрийн толгойгүй юм шиг амьдраад бид юунд хүрэв? Ил байгаа мэдээлэл, эзэмшсэн мэдлэгээ ашиглаад улс орны бодлогыг аваад явчих хэмжээний хангалттай хүний нөөцтэй болсон цаг үе шүү дээ. Эргэлзэх хэрэггүй.

-Нүүрсний хулгай гэдэг бүхий л ашигт малтмалын экспорт дээр хэрэгжиж ирсэн схемийг устгахгүйгээр зөвхөн хулгайчидтай тэмцэх нь явцгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Схем хэвээр байгаа цагт схемийг эзэмшигчид л ээлжлэн солигдохоос өөр үр дүнгүй гэдгийг иргэд ойлгоод л байна. Тэгвэл ШИНЭ намын зүгээс дэвшүүлж буй  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд эзэмшүүлж, энэ ордыг эрх барьж буй нам захиран зарцуулдгийг хаах арга зам хулгайн схемийг устгах арга зам гэж ойлгож болох уу?

-Монгол Улсад өнөөдөр технологи, патент, оюуны өмч, инновициа дэлхийн зах зээлд гаргаад экспорт хийчих чадал чансаа хараахан алга. Өнөөхөндөө ашигт малтмалын нөөцөө л ашиглахаас өөр арга байхгүй. Монгол нүүрснээс эхлээд алмаз хүртэлх 82 төрлийн ашигт малтмалтай. Бид зэсийн нөөцөө тэртэй, тэргүй гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна.

Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Төрийн өмчит компаниудын жилийн ашиг 2.1 их наяд төгрөг байгаагаас 1.9 их наядыг нь буюу 90 хувийг нь зөвхөн Эрдэнэт, Тавантолгойгоос олж байна. Гэтэл Тавантолгойн ордыг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компани иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлсэн гэдэг нэртэй ч иргэдэд нэг л удаа 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас өөрөөр бидэнд ямар ч өгөөж өгсөнгүй. Ногдол ашигт мөнгө хуваарилахгүй байгаа ч дороо таван ч охин, хараат компани байгуулж, тэдгээрт хөрөнгө оруулалт хийсэн.

Тавантолгой түлшний үйлдвэрээр дамжуулаад гүйцэтгэх захирал асан Ганхуяг 6.0 сая ам.долларыг БНСУ руу гаргасан байна гэдэг мэдээг бид зүгээр л уншаад “тэгж л таарна” гээд өнгөрч байна. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жшиг нь ийм юм. ШИНЭ намын дэвшүүлж байгаа шийдэл энэ. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Алийн болгон сарын 200-300 ам.долларын цалинтай хоногийн хоолоо аргацааж амьдрах вэ дээ. Хүмүүс рүүгээ бид мөнгө хийх хэрэгтэй байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. 

Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм.

-Иргэдэд хувьцааг нэмж өглөө гэхэд үүнээсээ ашиг хүртэнэ гэх найдвараа тэд алдчихсан л болов уу. Та нарын дэвшүүлж байгаа санаачилга хэр бодитой вэ гэдгийг одоо арай дэлгэрүүлээд та судалгаа, нотолгоогоор тайлбарлаж өгөөч?

Хамгийн тодорхой нотолгоо бол орон нутгийн өмчит жижиг Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгийн хуваарилалт. Орон нутгийн гэх энэ компани хөрөнгиийн биржид бүртгэлтэй бол иргэн бүр нь хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийг хүртэл хөрөнгийн биржид бүртгэлгүй байна. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа бол ердөө улс төрийн шийдвэр. Үүнд эдийн засгийн утга агуулга, үр өгөөж байхгүй гэсэн үг.

Орон нутгийн Тавантолгойн жишгээр харвал 2022 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум төгрөг байна гэж хөрөнгийн бирж үнэлсэн байна.

Үүнээс ердөө хоёрхон сарын дараа буюу 2023 оны нэгдүгээр сард үнэлгээ нь 465 тэрбум болж өссөн байна. Дахиад нэг сарын дараа 2023 онд үнэлгээ нь 710 тэрбум төгрөгт хүрсэн. Жижиг Тавантолгой энэ хугацаанд нүүрсний нөөцөө нэмсэн үү, үл хөдлөх хөрөнгө барьсан уу, дэд бүтцээ сайжруулсан уу? Үгүй. Харин хөрөнгийн бирж дээр зарагдаж буй хувьцааных нь үнэлгээнээс хамаарч зах зээлийн үнэлгээ нь өсч байгаа хэрэг юм. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Монголд ч нэг адил үйлчилж байна. Гэтэл иргэн бүр нь хувь эзэмшдэг гэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-д улс төрийн шийдвэр л үйлчилж байна.

Орон нутгийн Тавантолгой компанийн нэгж хувьцааны үнэ 2013 онд 2500 төгрөг байжээ. Харин 2023 оны нэгдүгээр сард 17500 төгрөгт хүртлээ хувьцааных нь үнэ өссөн байна. Хэрэв Монгол Улсын иргэн бүр тус компанид 1072 хувьцаа эзэмшдэг байсан гэж үзвэл нэг сарын дотор 5 сая 890 мянган төгрөг олох боломжтой байжээ. Өнгөрсөн оны үйл ажиллагаанаас тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашигт нийт 114 тэрбум төгрөг хуваарилсан.  Хувьцааны өгөөжийг ингэж л хүртдэг. Гэтэл бид том Тавантолгойгоос ганцхан удаа 100 хүрэхгүй мянган төгрөг авч үзлээ.

Хоёрдугаарт, хамгийн гол асуудал бол  “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх шаардлага юм. Анх Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор тус компанийн нийт хувьцааны 12 хувийг нийт иргэдэд тус бүр 1072 хувьцаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үлдсэн нь Засгийн газрын мэдэлд байна. Үүнийг иргэдэд эзэмшүүлэх, сонгодог утгаараа хөрөнгийн биржид бүртгэлтэй, засаглалын хувьд ил тод хувьцаат компани болгон зохион байгуулах шаардлагатай гэж ШИНЭ нам үзэж байгаа юм.

-Засгийн газрын эзэмшиж байгаа хувьцааг иргэдэд өгөхөөр шийдвэрлэвэл чухам ямар үр дагавар бий болох вэ?

- Энэ асуултад хариулахаас өмнө Тавантолгойн орд ямархуу үнэ цэнтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Анх 2012 онд иргэдэд хувьцаа олгохоор шийдвэрлэхдээ нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн. Энэ бол улстөрийн үнэлгээ. Улс төрийн үнэлгээ хийчихээр 15 тэрбум ширхэг хувьцаа чинь 13.9 их наяд төгрөгийн үнэлгээтэй болчихож байгаа юм. Хувьцааны үнэлгээгээр тооцвол Тавантолгойн орд маань 13.9 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс ч бага тоо гарч байна. Гэтэл нөөцөөр нь бодоод үзэх юм бол 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй уурхайг 3.9 тэрбум ам.доллараар үнэлчихэж байгаа хэрэг юм. Зах зээлийн үнэлгээ биш улс төрийн үнэлгээ гэдэг нь эндээс харагдана.

 Хэрэв зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн бол 2018 онд уурхайн аман дээр коксжих нүүрсийг нь тонн тутамд 70 ам.доллораар зарж байсан гэвэл тэр үнээр нь авч үзэхэд л Тавантолгой орд маань 350 тэрум ам.долларын үнэлгээтэй орд байх байжээ. Өнгөрсөн 2022 онд нүүрсийг нь уурхайн аман дээрээс 110 ам.доллараар зарж байсан. Энэ үнээр нь үзэх юм бол 550 тэрбум ам.долларын орд байна. 2023 оноос эхлэн хөрөнгийн биржээр нүүрсээ зардаг болсноор тонн тутам нь 170 ам.доллараар зарагдаж байна. Энэ үнэлгээгээр нь үзвэл 1 их наяд 400 тэрбум ам.долларын нөөцтэй орд. Үүнд эрчим хүчний нүүрсийг оруулаагүй шүү. Тэр нь үйл ажиллагааныхаа зардалд шингэг гэж тооцоод.

Канадын ЖОРК стандартаар Тавантолгойн орд 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс гэж мэдээлэгдсэн байдаг. Гэхдээ эрчим хүчний нүүрсийг нь  “эрчим хүчний” гэж хэлэхэд ч хэцүү. Яагаад гэвэл 5000-аас дээш илчлэгтэй буюу кокс шахуу нүүрс. Олборлолт хийж эхэлснээс хойш 160 сая тонныг нь зарчихаад байна гэж тооцоход 4.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг нь 2022 оны уурхайн амны үнэ 100 ам.доллараар тооцоход 490 тэрбум ам.долларын баялаг байна.

Дэлхийн зах зээл дээр коксын нүүрс тонн нь 100 биш 450 ам.доллар байна. Тавантолгойн ордын коксжих нүүрсний 5.1 тэрбум тонн нөөцийг тонн тутмыг нь 100 ам.доллараар ч биш бүр багаар 60 ам.доллараар тооцоход л 300 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд юм.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанид 15 тэрбум ширхэг хувьцаа байгаа бол тэдгээрийг бүх иргэнд өмчлүүлчихэд л Тавантолгойн орд иргэдийн өмч болно. Бүх хувьцааг нь иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэлээ гэхэд 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар байхаар байна. Төрд байгаа хувийг иргэддээ өгөхөд одоо байгаа 1072 хувьцаан дээр  3328 ширхэг хувьцаа нэмэгдэж очихоор байгаа юм. Нийт 4400 ширхэг хувьцаа нэг иргэд очно гэвэл нэгж хувьцааны 20 ам.доллараар үнэлбэл 88 мянган ам.долларын үнэлгээтэй болно.

 Өнөөдөр та бидний 1072 ширхэг хувьцаа  iphone14 гэдэг гар утаснаас хямдхан үнэлгээтэй хэдэн жил явав? Гэтэл энэ 12 жилийн хугацаанд юмны үнэ хэд дахин нэмэгдэв? Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааг иргэн бүртээ ёмчлөх эрхтэйгээр өгчихвөл та бидэнд 4400 ширхэг 88 мянган ам.долларын үнэлгээтэй хувьцаа өмчлөгдөж очно гэсэн үг.

-Та бүхний дэвшүүлж буй энэ хувилбар хэнд ч таатай сайхан сонсогдох нь гарцаагүй. Гэтэл сая ярьсан 88 мянган ам.долларын үнэлгээтэй хувьцаагаа иргэд яаж мөнгөжүүлэх вэ. Бололцоо бий юу?

- Монгол Улсын ДНБ 15 тэрбум ам.доллар буюу 52.9 их наяд төгрөг. Хувьцааг 3.4 сая хүнээр бодохоор 72 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Манай улсын эдийн засгаас 4.8 дахин их мөнгө. Хүссэн хүсээгүй гадагшаа гарч дэлхийн зах зээлээс мөнгө босгох болно. Хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө олж ирнэ. Хөрөнгө оруулалтын сангуудын хамгийн гол толгойн өвчин бол мөнгөө хаана аюулгүй өгөөжтэй газар яаж байршуулах вэ гэдэг асуудал. Дэлхийн хамгийн том таван хөрөнгө оруулалтын сан л гэхэд манай эдийн засгийг хэдэн арав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө дээр менежмент хийж байдаг. Тэдгээрт хамгийн ашигтай таатай нөхцөлийг санал болгоё л доо. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 6.9 их наяд төгрөг байсан бол банкуудын IPO хийсний дараах дүнгээр 9 их наядад хүрэхээр байна. Ийм өндөр өсөлттэй зах зээл өөр хаана ч байхгүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид тогтворгүй төр засагтай ярихыг хүсэхгүй. Харин ард иргэдээс хувьцааг нь шууд худалдаж авах нөхцөлд л орж ирнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийг хэрхэн яаж 10 ба түүнээс дээш хувийн өсөлттэй байлгах вэ гэдэгт хариулт олохуйц хүчирхэг менежментийн багт удирдлагыг шилжүүлж болно.

Компанийг төр засгаар удирдуулах шаардлагагүй. Менежмэнтийн хүчирхэг баг ашгаа нэмэгдүүлэх зорилготой ажиллана.

Өнөөгийнх шиг нэг юм худалдан аваад ашиг унагадаг схемээр ажиллаж байгаа тохиолдолд ашиг гарахгүй. Тиймээс төрд байгаа хөрөнгийг ард иргэдэд өмчлүүлэх хэрэгтэй. Хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахад бид хөрөнгө оруулалт татах ёстой. Үүний тулд олон бирж дээр олон хөрөнгө оруулагчидтай тохиролцох л асуудал. Одоогоор бидэнд 72 тэрбум ам.доллар их санагдаж байгаа ч томоохон биржүүдийн нэг өдрийн худалдан авалт л гэхэд үүнээс хоёр дахин их байдаг. Олоод ирэх боломжтой мөнгө юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх хувьцааг иргэдэд өмчлүүлэхийн тулд ямар нэг хууль ч шаардлагагүй. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах замаар л шийдвэрлэчих боломжтой. Үүнийг дагаад нийт эдийн засаг босоод ирнэ. Иргэд мөнгөтэй болчихвол эдийн засаг тэлнэ, банкуудын актив нэмэгдэнэ. Ер нь банкны зээл ч шаардлагагүй болно. Тэр цагт банкны зээлийн хүү ч үлэмж буурна. Энэ бол ганцхан орд дээр л хийсэн тооцоолол шүү дээ. Цаана нь үүнээс ч олон орд бий.

-Танд баярлалаа.

Ярилцсан З.Боргилмаа