УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Англи хэлийг гуравдугаар ангиас нь заах тухай хуулийн заалтыг дэмжсэн цөөн гишүүний нэг нь та. Байнгын хорооны гишүүдийн олонх энэ заалтыг дэмжээгүй шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдэхэд энэ заалт дэмжигдсэн. Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг БСШУС-ын байнгын хороо хийсэн. Энэ үеэр зарим гишүүд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас хөтөлбөрөөрөө шийдье. Энэ заалтыг өөр томъёоллоор оруулъя” гэсэн санал гаргасан. Үүнийг байнгын хорооны дийлэнх олонх гишүүд дэмжсэн учраас уналаа. Ер нь хувийн сургуулийн улсын сургуулиас ялгарах хамгийн том давуу талуудын нэг нь англи хэл. Тиймээс англи хэлийн улсын сургуулиудад бага ангиас нь зааснаар энэ ялгаа арилна.
Миний хувьд эх хэлээ үгүйсгэх гээгүй. Монгол хэлээ нэг дүгээр ангиас нь зааж, гадаад хэлээс бусад бүх хичээлээ эх хэл дээрээ орно. Харин дэлхийн иргэнийг багаас нь бэлдэх хэрэгтэй учраас л энэ заалтыг дэмжиж байгаа юм.
Өнөөдөр буюу Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар энэхүү заалтыг хасах эсэх асуудал шийдэгдэх байсан ч хойшилж маргааш дахин хэлэлцэхээр боллоо.
-Энэ заалтын нийгэмд үзүүлэх бодит үр нөлөө нь юу вэ?
-Нэгдүгээрт, англи хэл бол дэлхийн хэл. Дэлхийн маш олон хүн англи хэлээр ярьдаг. НҮБ-ын үндсэн хэл. Дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, түүх, уран зохиол зэрэг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны 90 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж, архивлагдаж, ном, өгүүлэл болж гарсан байдаг.
Хиймэл оюун ухаан, биотехнологи, нанотехнологи зэрэг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтууд англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэж дэлхийн мэдлэгийн санд ордог. Хэрвээ бид хурдтай хөгжье, дэлхийн шинжлэх ухааны сангаас мэдлэг олж авъя, хэрэглэе, мөн шинэ мэдлэг бүтээж дэлхийн мэдлэгийн санд хувь нэмэр оруулъя гэвэл англи хэл шаардлагатай.
Дэлхийн мэдлэгийн санд байгаа бүтээлийг орчуулаад хэрэглэнэ гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд алдагдалтай. Тиймээс цөөн хүн амтай манай улс шинжлэх ухаан талаасаа хурдацтай хөгжих гарц нь англи хэл юм.
Хоёрдугаарт, дэлхий дахинд болж байгаа үйл явцыг цаг тухайд нь хамгийн үнэн зөвөөр мэдээлэл авч байх шаардлагатай. Ямар нэгэн үзэл суртал, улс төрийн өнгө аясгүй, үнэн бодит мэдээллийг олон улсын баталгаатай эх сурвалжаас хурдан шуурхай олж авъя гэвэл англи хэл шаардлагатай. Дэлхийн иргэний хувьд цар тахал гарсан уу, дайн болж байна уу, дэлхий дахинаа нийгмийн ямар үйл явц өрнөж байгааг мэдэхийн тулд англи хэлний мэдлэг хэрэгтэй л дээ.
Гуравдугаарт, Монгол Улсын, Монгол үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид дэлхийд дуу хоолойгоо хүргэх ёстой шүү дээ. “Манай улсын эрх ашиг зөрчигдөөд байна, НҮБ-аа” гэдэг ч юмуу олон улсын байгууллага руу англи хэл дээр үндэслэж хандана. Тэгж байж тэд биднийг ойлгоно, ойлголцоно. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлье, тэргүүлэх салбар болгоё гэж байна. Арилжаа наймаа, бизнес хийе гэхэд мөн л англи хэл шаардагдана.
Боловсролын сангаас зээл, тэтгэлэг авмаар байгаа бол TOEFL, IELTS-ийн шалгалт өгч байж топ сургуульд орно. Энэ мэтчилэнгээр бидэнд англи хэл маш чухал байна. Тийм учраас Монголын үндсэн гадаад хэлийг англи хэл болгоё гэсэн заалтыг дэмжсэн.
-Товчхондоо англи хэл монголчуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад том нөлөө үзүүлнэ гэж дүгнэж болох уу?
-Тийм. Өнөөдрийн байдлаар англи хэл сайтай хүүхдүүдийн ихэнх нь хувийн сургууль төгссөн байгаа. Хувийн сургууль төгссөн, англи хэл сайтай хүүхдүүд TOEFL, IELTS-ийн шалгалтад хамгийн өндөр оноог авч байна. SAT, ACT зэрэг элсэлтийн шалгалтууд англи хэл дээр авагддаг.
Хувийн сургууль төгссөн хүүхдүүд энэ шалгалтыг ч сайн өгч, дэлхийн топ их сургуулиудад орж байна. Тэтгэлэг ч элбэг авчихаж байна.
Дэлхийн хэмжээний мэдлэг авсан хүүхдүүд дэлхийн хэмжээний компанид ажилд орно, дэлхийн хэмжээнд сэтгэж, ярина биз дээ. Хүрээлэл нь ч дэлхийн хэмжээний болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ангийнхан нь олон улсын байгууллага гэхчилэнгээр арай өөр түвшинд ажиллаж таарна шүү дээ. Ингээд тухайн хүүхдэд асар том боломж бий болно.
Тиймээс гуравхан сая хүн амтай манай улс англи хэлээр дамжуулж дэлхийн хэмжээний боломжийг хүүхэд бүрт олгомоор байна.
Суманд хэн очиж англи хэл заах юм бэ гэхчилэнгээр шалтаг олоод хэлээд байвал үеийн үед хэлнэ. Тэр хэрээр боломжоо алдаад л байна. Тиймээс бид зоригтой дайрах ёстой. Суурь нь болоогүй байна, нийгэм бэлтгэгдээгүй байна гээд зүрхшээх нь бидний асуудал биш.
Иргэдийн өмнө итгэл хүлээсэн гишүүний хувьд бид “галтай” байсан ч барьж аваад хийх гэж сонгогдсон. Түүнээс хэцүү гээд зүрхшээгээд суух байсан бол яах гэж сонгуульд оролцож, амлалт өгсөн байх вэ.
- Ярилцсанд баярлалаа.