Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.08.29 16:45
39438
ЦЕГ: О.Цэлмэг ахмадыг төрийн тусгай албан хаагчийн үүргийг зөрчсөн эсэхийг шалгаж байна

Булган аймгийн цагдаагийн дарга болон холбогдох албан тушаалтнууд удаа дараа хууль бус үйлдэл гаргаж, алба хаагчдын цалинг үндэслэлгүй хасаж, дарамталдаг хэргийн талаар тус аймгийн цагдаагийн ахмад О.Цэлмэг шүгэл үлээсэн. Бид тухайн алба хаагчтай цахимаар шууд холбогдон дараах мэдээллийг авсан юм.

Цагдаагийн ахмад О.Цэлмэг: "Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа. Энэ байгууллага нь шудрагаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн. Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж,  тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг. Үндэслэлгүйгээр цалин хасдаг.

Миний 2023.08.16-ны өдөр Булган цагдаагийн газрын хууль бус асуудалтай холбоотой нийтлэлийн дагуу албаны шалгалтыг ЦЕГ-аас хийж байгаа болохоор хэсэг хугацаанд тайвширч орхисон юм. Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Батдорж нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн 2 шалгалтыг явуулж байгаа.
 
Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж байна.
2023.07.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Амарсанаа дээр шалгагдаж буй 20230330000024 дугаартай надад холбогдуулсан албаны шалгалтын явцад 2023.07.31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Батчулууны Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн 991001** дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.
 
Ингээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.
 
Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.
 
Би нялх хүүхэдтэй, гэр бүлээрээ хөдөө орон нутагт ажиллаж амьдрахаар ирсэн юм. Энэ мэт ялзарсан асуудал бол хаа сайгүй байгаа. Над шиг шинэ залуу алба хаагчид ийм зүйлээс болж дотогшоо нулимс унагаад хэлж ч чадахгүй яваа гэдэгт санаа зовж байна. Цагдаагийн байгууллагын дарга нар хүнлэг байж боловсрол мэдлэгтэй, алба хаагчдаа боддог байгаасай. Хөрсөн дээрээ буугаагүй том дарга нар алба хаагчдын амьдралыг яаж ойлгох вэ дээ. Намын захиалгаар дарга томилдгоо ч болих хэрэгтэй" гэсэн юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс ЦЕГ-ын Дотоот хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар, Алба хаагч, ажилтны эрхийг хамгаалах тасгийн дарга Б.Баярбат нараас үүсээд буй асуудалд ямар арга хэмжээ авсан, шалгалтын ажил хэрхэн үргэлжилж буй зэрэг асуудлаар тодрууллаа.
 
 
Д.Манлайбаатар: Булган аймгийн цагдаагийн ахмад О.Цэлмэг цагдаа, алба хаагчдын ашиг сонирхлын зөрчил гэмт хэрэг үйлдсэн эсэх, эрх зөрчигдөж буй эсэх талаарх утсанд долоодугаар сарын 4-нд гомдол гаргасан. Гомдол мэдээллийн дагуу ажлын хэсэг томилон биечлэн ажиллуулахад зарим мэдээлэл нь үнэн байсан. Иймээс тус аймгийн цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлж, зарим эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, албан тушаал бууруулсан.
Өчигдөр гарч ирсэн асуудлууд буюу автомашин хувьдаа ашигласан, утасны ярианы билл-г авсан гэх мэт хэргүүд дээр ажлын хэсэг гарган ажиллаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мөн түүнчлэн албан хаагч О.Цэлмэгийг албан үүргээ хэрэгжүүлэхдээ ямар эрх хэмжээ эдэлсэн гэдгийг шалгахаас гадна төрийн тусгай албан хаагч нийтэд мэдээллэх, мэдээллэхгүй зүйл гэж байгаа. Түүнийг зөрчсөн эсэх дээр шалгалт явуулж байна.
Энэ мэт хэрэг цагдаагийн байгууллагад бугшсан асуудал мэтээр буруу ойлголт өгч болохгүй. Ганц нэг гардаг нь үнэн. О.Цэлмэг алба хаагчид дарамт шахалт ирэхгүй гэдгийг баттай хэлж чадна" гэсэн юм.
 
Дэлгэрэнгүй үзэх: 
О.Цэлмэгийн ярилцлага
 

ЦЕГ-ын Дотоот хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар ярилцлага